
Ерөнхий сайдыг огцрох, орлогоо нотлохыг шаардсан залуус “Огцрох амархан” жагсаалыг 21 хоногийн турш Төв талбайд зохион байгуулж, өнгөрөгч даваа гарагт УИХ-ын гишүүдийн олонх “Ерөнхий сайдад итгэл хүлээлгэхгүй” гэж шийдвэрлэснээр Л.Оюун-Эрдэнэ, Хамтарсан Засгийн газрынхаа хамт огцорлоо.
Тэгвэл дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ? Засгийн газрын бүрэлдэхүүнд ямар хүмүүс орох вэ гэдэг асуудал улс төрийн хүрээнд, Төрийн ордонд өрнөж байгаа бол Нийслэлийн гудмаар алхах энгийн иргэд сайд, арга нар хэн байхаас үл шалтгаалан нийгмийн амьдрал, эдийн засаг хэвийн өрнөөсэй гэж хүсэж байна.
Өмнөх нь болохгүй байсан учраас огцруулсан бол шинэ нь өмнөхөөсөө дээр байх ёстой. Харин үүнд иргэд, олон нийт хяналтаа хийж, шаардлагаа тавьсаар байх нь Ардчилсан нийгмийн суурь мөн.
Хотын гудамжны хаа нэгтээ таарах иргэд шинэ сайд, шинэ Засгийн газраас юу хүсэж байна вэ?
- Залуучуудынхаа дуу хоолойг сонсож, иргэнээ бодсон шийдвэр гаргадаг байгаасай.
- Ямар нэгэн нам, хувь хүний зөрчилдөөнөөс үүдэн хийж байсан ажлыг нь шууд үгүйсгэж болохгүй. Зөв, бурууг нь шүүж тунгаах хэрэгтэй. Мөн баялгийн хуваарилалтаа зөв хийж, ирээдүй болсон үр хүүхдэдээ сайн сайхныг үлдээмээр байна.
- Шинэ Засгийн газар ард иргэддээ үйлчилдэг байгаасай.
- Хүүхдүүдэд ээлтэй аюулгүй орчин, тэгш сурах нөхцөлийг нь бүрдүүлж өгөөсэй.