
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийн гомдлыг өнөөдөр /2025.06.04/ Улсын дээд шүүхээр хэлэлцлээ.
- Шүүх хуралдааны оролцогчоор цагаатгагдсан этгээд Д.Нямхүүгийн өмгөөлөгч Б.Оюунчимэг, цагаатгагдсан этгээд Д.Бархүүгийн өмгөөлөгч Б.Зулбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Хонгорзул, иргэний хариуцагч болон Д.Бархүү нарын өмгөөлөгч Б.Баатарсайхан,
- Шүүх бүрэлдэхүүнээр Б.Цогт, Д.Батбаатар, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нар оролцов.
Ингээд ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг Дээд шүүх хянан хэлэлцэн хоёр шатны цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Тодруулбал, Хоёр шатны шүүхийн тогтоол, магадлалд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй хэмээн үзжээ.
Өмнө нь, ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийн шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 6-нд болж, шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн. Гэтэл уг шүүхийн шийдвэрийг прокурор эсэргүүцэж, нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд хандсан байдаг.
Холбогдсон хэргийн хуулийн заалт : /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2/
22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
- 2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.