
Засгийн газрын ээлжит хуралдаан өндөрлөв. Уг хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгсөн юм.
Б.Жавхлан: ₮500 мянга хүртэлх дүнд НӨАТ-аас чөлөөлнө, ₮800 мянга хүртэлх цалинд ХХОАТ тооцохгүй
Тэрбээр “Татварын багц хуульд өөрчлөлт оруулах реформын шинжтэй санаачилга явж байгаа. Сүүлийн өөрчлөлтөөс таван жилийн дараа буюу ойр хугацаанд хийж буйгаар онцлог. 1992, 2004, 2019 онд тус тус татварын тогтолцоог өөрчилж байсан.
Татварын ерөнхий хууль, ХХОАТ-ын тухай хууль, ААНОАТ-ын тухай хууль, НӨАТ болон Гаалийн хуульд өөрчлөлтууд орох юм.
Маш өргөн хүрээтэй хэлэлцүүлгүүдийг хийж бэлтгэсэн. 13 мянган татвар төлөгчийг хамруулсан. УИХ дээр ажлын хэсэг гарч, бэлтгэл ажил дээр хамтарч ажилласан онцлогтой. Урьд өмнө зөвхөн Засгийн газар бэлтгэдэг байсан.
Нийтдээ 150 гаруй уулзалт хийлээ, вэб сайтууд дээр нээлттэй саналууд авсан. 176 мянган санал, дүн шинжилгээ ирсэн. Саналууд ч чамгүй тусгагдсан.
500 мянга хүртэлх худалдан авалтад 100 хувь НӨАТ-аас чөлөөлнө. 800 мянга хүртэлх бол 50 хувь хөнгөлнө. Түүнээс дээш 20 хувиар НӨАТ-аас хөнгөлөгдөнө. Ингэхээр нийт худалдан авалтын 51 хувь нь НӨАТ төлөхгүй. 20 хувь нь 50 хувийн буцаан олголт авна гэсэн үг. Шаталсан НӨАТ-ын системд шилжсэнээр бүртгэл улам сайжирна.
Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу сарын 800 мянган төгрөг хүртэлх цалинд ХХОАТ төлөхгүй. Сая төгрөгийн орлоготой хүн байлаа гэхэд 800 мянга дээрээ татвар төлөхгүй, үлдсэн 200 мянга дээр төлнө гэсэн үг.
Татвар төлөгчийн төлөх тайлагнах үйл ажиллагааг хялбаршуулах зорилгоор тайлангийн төслийг урьдчилан хүргүүлдэг болно.
ААН дээр орлого 6 тэрбум хүрсэн бол ашгаас 25 хувийн татвар төлдөг байсан. Энэ нь ААН-ийг томрох боломжгүй байдалд оруулдаг байсан. Энэ босгыг 10 тэрбум болгож нэмнэ. 6-10 тэрбум бол 15 хувь болгож бууруулсан. 6 тэрбум хүртэл бол хуучнаараа 10 хувийн татвартай.
Ажилтнаа сургах, мэргэшүүлэх, хувийн хэрэгцээний зардлыг татвараас хасагдах зардалд оруулж болно.
Зөвлөн туслах үйлчилгээнд төвлөрсөн гаалийн байгууллагын өөрчлөлт хийнэ. Хэрэгцээ шаардлагад нийцсэн гарын авлага, заавар зөвлөмж хүргүүлж сургалтад байнга хамруулна. Татварын хөнгөлөлтөд хамрагдах мэдээллийг 24 цагийн хиймэл ухаан, их өгөгдлөөр өгдөг болно” хэмээв.