
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж өндөрлөлөө. Уг хуралдааны дараа Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнөөдөр хэд хэдэн сайхан шийдвэр гарлаа. Үүний нэг нь Боловсролыг дэмжих жил гэсэн концепцыг цаашид үргэлжлүүлэх, эрчимжүүлэхээр боллоо. Багшийн чадавхыг дээшлүүлэх, дутлыг арилгах, нийгмийн асуудлыг шийдэх чиглэлд тасралтгүй төвлөрнө. Мөн 2030 онд нэмэгдэх сурагчдын эрэлтийг хангах хүрээнд шинээр 108 сургууль, 95 цэцэрлэгийг барьж байгуулах хөрөнгө оруулалтыг одооноос шийдвэрлэхээр ажиллаж байна. Нийслэлтэй хамтран, газрын асуудал, байршлыг тодорхойлно.
Үүнээс гадна Олон улсын инженерийн сургуулийг Хүннү хотод байгуулахаар боллоо. Боловсролын ерөнхий хуульд байдаг заалтаар ӨМӨЗО-той хамтран байгуулна. Жилдээ 3000 гаруй инженерийг бэлтгэх юм.
ХҮН намын мөрийн хөтөлбөр, тэр дундаа эрчим хүч, боловсролын салбарт туссан асуудал нь Засгийн газрын төлөвлөгөөнд орсон. Эдгээр ажил цааш үргэлжилнэ. Сонгогч, иргэд, ирээдүйн төлөө бодлогууд юм. Боловсролыг дэмжих жилийг УИХ-ын гишүүд хийгээд өргөн олон эцэг эхчүүд дэмжиж байгаа гэдгийг дурдахад таатай байна” гэв.