
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслөөс олон төсөл урагшилсан. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд зөвхөн мега төслүүдийг хэрэгжүүлэхээс гадна салбаруудад эрх зүйн реформ хийх зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 30 жил хүлээгдсэн нийгмийн даатгалын реформыг хийхээр шийдвэрлэж, Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаа эхэлсэн. Харин өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын Ерөнхий хууль болон Хувийн нэмэлт, тэтгэврийн хууль гээд НДШ-ийн багц хуулийн шинэчлэлийг Л.Энх-Амгалан сайд Засгийн газрын хуралдаанд танилцуулж УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Эрх зүйн реформын хүрээнд Татварын багц хуулийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн. Түүнчлэн Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах чиглэлээр эрх зүйн орчныг сайжруулахаар өнгөрсөн 11 сарын хугацаанд Хамтарсан Засгийн газар ажилласан. ХҮН намын дарга Т.Доржхандаар ахлуулсан гадаадын хөрөнгө оруулалт, эрх зүйн орчныг сайжруулах ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд Эдийн засаг болон Сангийн яамдын бүрэлдэхүүнийг оролцуулан ажилласан. Улмаар өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар тэдний ажилласан хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн.
Хуралдаанаар цаг үеийн үйл явдалтай холбоотой мэдээллүүдийг сонсож, үүрэг чиглэл өгсөн. Засгийн газар өнгөрсөн хугацаанд ТӨХК-ийн засаглал, ил тод байдлыг сайжруулах чиглэлээр ажилласан. Энэ хүрээнд уул уурхайн компаниудын менежментийг Эрдэнэс монгол компани, уул уурхайн бус компаниудын менежментийн эрхийг Эрчист монгол компанид өгсөн. Ингээд компани болгон дээр ТУЗ байгуулдаг зэрэг асуудлыг цэгцэлж, бүтээмжийг нэмэх, засаглалыг сайжруулах чиглэлээр ажилласан.
Өнөөдөр Ерөнхий сайд ТӨХК-иудын засаглал, ил тод байдлыг сайжруулах буюу УИХ дээр хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулах хууль болон хоёр долоо хонгийн өмнө УИХ-д өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль буюу өмчийг эзэнтэй болгох, үүнд нь газрын хэвлийн баялгийг хамааруулах чиглэлээр хийж байгаа шинэчлэл багтах ёстой. Үүний дараа бид захиргааны орон тоо, ТУЗ-ийг бууруулж бүтээмжийг сайжруулах шаардлагагүй компаниудыг татан буулгах, хувьд шилжүүлэх ажил хийгдэнэ. Өнөөдөр уг асуудлуудыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн.