
Хятадын хоёр эрдэмтэн АНУ-ын хилээр үр тариа, арвай болон цагаан будааг өвчлүүлдэг Fusarium graminearum нэртэй хортой мөөгөнцрийг хулгайгаар нэвтрүүлэхийг оролджээ.
Уг мөөгөнцрөөр өвчилсөн ургамлыг идсэн хүн болон малд бөөлжих, элэг гэмтэх, нөхөн үржихүйн эд эрхтэнд гажиг үүсэх зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд уг мөөгөнцөр нь олон улсын газар тариалангийн салбарт жил бүр олон тэрбум ам.долларын хохирол үзүүлдэг аж.
33 настай Юнчинь Жян, 34 настай Зуньон Лю нарыг үгсэн хуйвалдсан, худал мэдүүлэг өгсөн, өвчин үүсгэгч мөөгөнцрийг хилээр нэвтрүүлсэн зэрэг зүйл заалтаар яллажээ. Прокурорын мэдээлснээр Зуньон Лю найз бүсгүй Юнчинь Жяны ажилладаг Мичиганы их сургуулийн лабораторид уг мөөгөнцрөө судлах зорилгоор АНУ-ын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг оролджээ.
АНУ-ын Ерөнхий прокурор Жером Горгон Жүниор АНУ-ын хилээр хортой мөөгөнцөр хууль бусаар нэвтрүүлэхийг оролдсон нь үндэсний аюулгүй байдлыг асуудал хэмээн, “Хөдөө аж ахуйн терроризмын зэвсэг гэж тодорхойлогддог мөөгөнцрийг АНУ-ын нутаг дэвсгэрт хулгайгаар оруулж ирж, Мичиганы их сургуулийн лабораторийг зөвшөөрөлгүйгээр ашиглах гэж байсан гадны хоёр иргэнийг яллагдагчаар татлаа” гэжээ.
Хятадын засгийн газраас өмнө нь яллагдагчийн нэг Юнчинь Жяньд дээрх мөөгөнцрийг судлах ажилд нь санхүүжилт олгож байсан болох нь тогтоогджээ. Өнгөрсөн 7 хоногт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио АНУ-д сурч буй Хятад оюутнуудын визийг цуцална хэмээн мэдэгдэж, Бээжин уг үйлдлийг нь үндэслэлгүй бөгөөд ялгаварлан гадуурхсан үйлдэл гэж буруушаасан билээ.
Эх сурвалж: theguardian.com