
БНСУ-ын Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ли Жэ Мён сонгогчдын 49.42 хувийн саналыг авч ялалт байгуулжээ.
Тэрээр саналаа өгсөн 35 сая орчим сонгогчдын олонхын саналыг авч БНСУ-ын 14 дэх Ерөнхийлөгчөөр томилогдохоор болж байна. Түүнтэй өрсөлдсөн Ардын хүч намаас нэр дэвшигч Ким Мүн Сү сонгогчдын 41.15 хувийн саналыг авчээ.
Санал хураах байрууд хаалгаа барихаас цагийн өмнө сонгуулийн ирц 77.8 хувьтай байсан ба энэ удаагийн сонгууль нь 1997 оны ерөнхийлөгчийн сонгуулиас хойших хамгийн өндөр ирцтэй сонгууль болжээ. Санал өгөх эрхтэй нийт 44.39 сая сонгогчдын 30 гаруй хувь нь өнгөрсөн пүрэв болон баасан гарагуудад урьдчилсан байдлаар саналаа өгсөн байжээ.
Нэр дэвшигч Ли Жэ Мён ард иргэд түүнд итгэл үзүүлж буй явдалд талархаж буйгаа илэрхийлэн, иргэдийн хүлээлтийг эвдэхгүй гэдгээ амлаж, ард иргэдийг нэгтгэх Ерөнхийлөгчийн үүргээ умартахгүй гэжээ. Тэрээр БНСУ-ын төрийн тэргүүнээр томилогдсоноор эдийн засгийн өсөлтийн удаашрал, Д.Трампын худалдааны дайн, Хойд Солонгосын цөмийн заналхийлэл зэрэгтэй тулах юм.
Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Ли Жэ Мён эдийн засгийг сэргээж, тэгш бус байдлыг бууруулж, иргэдээ эвлэрүүлэн нэгтгэнэ хэмээн амлаж байсан юм. Тэрээр гадаад харилцааны асуудалд илүү прагматик хандлагатай байж, АНУ, Япон зэрэг улстай хамтран ажиллах явдлыг дэмжихээ илэрхийлж, Хойд Солонгостой харилцаагаа сэргээх хүсэлтэйгээ онцолж байжээ.
Юн Сүк Ёлыг огцруулах сөрөг хүчний санаачилгыг удирдаж байсан Ли Жэ Мён авлига болон албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгагдаж байгаа бөгөөд шүүгч түүний шүүх хурлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа үргэлжлүүлэхээр хойшлуулж, түүнд сонгуульд өрсөлдөх боломжийг олгосон юм. Ли Жэ Мёний хувьд өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: Theguardian.com