
УИХ-аар “Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжээгүй учраас Үндсэн хуулийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайд, кабинетын хамт огцорч байгаа ч дараагийн Ерөнхий сайд сонгогдож, Засгийн газрын гишүүд шинээр бүрдэх хүртэл огцорсон Засгийн газар үйл ажиллагаа хэвийн явуулах учиртай.
Энэ дагуу өнөөдөр огцорсон Засгийн газрын отгон хуралдаанаа хийсэн.
“Явах хүнд ачаа бүү үүрүүл” гэж үг бий. Ерөнхий сайдыг огцруулах улс төр өрнөхтэй зэрэгцээд Засгийн газрын харьяа салбарын яам, төрийн чиг үүргийн байгууллагуудын ажил 20 гаруй хоног зогссон. Хэдийгээр хэвийн үргэлжилж байгаа гэж сайд нар нь тайлбар өгч байсан ч яамдуудад ажил зогсонги болсон нь үнэн.
Тэгвэл дараагийн Ерөнхий сайдыг томилж, Засгийн газрыг бүрдүүлэх цаг хугацааны бачуу үед хэн Ерөнхий сайд болж хэний хүмүүс салбар хариуцсан сайдаар томилогдох вэ гэдэг улс төрийн таамаг, үнэндээ ортой хувилбарууд яригдаж эхэллээ.
ШИНЭ ЕРӨНХИЙ САЙДЫН СУРАГ
Дараагийн Ерөнхий сайд томилогдох хуулийн хугацаа 30 хонoг. Шинэ Ерөнхий сайдын нэрийг Ерөнхийлөгч УИХ-д оруулна. Харин шинээр томилогдсон Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг УИХ-д өргөн барина. Ерөнхий сайд хэн байхаас хамаарч танхимын гишүүд тодорхой болох юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, УИХ-д өргөн мэдүүлэх үүрэгтэй. Энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлэх хуультай.
Маргааш буюу 2025.06.05-ны пүрэв гарагт МАН-ын Бага хурал хуралдаж дараагийн Ерөнхий сайд буюу МАН-ын дарга хэн байхыг хэлэлцэнэ.
Харин өнөөдрийн таамгаар 2028 он хүртэл Засгийн газраа удирдах бас “томилсон” хүндээ ээлтэй, магадгүй дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд намаа ялалтад хүргэх, нэр дэвших чадамжтай хүнийг МАН Ерөнхий сайд болгох нь тодорхой. Ингэхдээ Ерөнхийлөгчийн хүн байх болов уу гэсэн улс төрийн зураг гарчихаад буй.
Одоогоор яригдаж буй хүмүүс бол Сангийн сайд Б.Жавхлан, Шадар сайд С.Амарсайхан гэсэн хувилбар.
Хамтарсан Засгийн газарт ажиллаж байсан буюу Л.Оюун-Эрдэнийн кабинетэд 2 дахиа сайдын албыг хашиж явсан “хууччуул” энэ удаад явах нь тодорхой болж.

ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ ДҮРҮҮД
Тэгвэл шинээр бүрэлдэх Загсийн газрын тухайдад 2 хувилбар бий.
Нэгт, МАН-ын Бага хурлаас гаргасан Дангаараа засгаа бүрдүүлэх буюу МАН-ын хоёрдугаар ээлжнийхэн “хоолондоо” орох
Хоёрт, АН-ын сайд нарын оронд ХҮН намын төлөөлөл+Үндэсний эвсэлтэй хамтран, МАН бүрэлдэхүүнийхээ 60-аас дээш хувийг бүрдүүлж засгаа байгуулах
Шинэ сайд нарын сураг, түүнчлэн гашуунсухайтад яваад ирэхэд шинэ засгийн газрын зураг зурагдсан байсан гэсэн Л.Оюун-Эрдэнийн үг ортойг батлах шиг.
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх тухай УИХ дээр яригдаж байх үед хамгийн хүчтэй дугарч байсан хүн бол Г.Дамдинням. Түүнийг Боловсролын сайд болох нь ээ гэлцэж байсан. Түүнчлэн өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Б.Энхбаяр гишүүн албыг нь хүлээн авсан О.Алтангэрэл сайдад шүүмжтэй хандаж, хайр найргүй “гөвдөг” байсан нь энэ салбартаа эргэн ирэх нь тодорхой болсныг харуулах шиг.
Тэгвэл хамгийн “галтай” салбар болох Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар Уул уурхайн яам гэж байхад сайдаар нь ажиллаж байсан Ж.Ганбаатарыг ирнэ гэсэн хүлээлт байсан ч Түүний хувьд Эдийн засгийн хөгжлийн сайдын албыг хаших нь ээ гэсэн яриа улс төрийн хүрээнд явж байна.
МАН дахь Н.Энхбаярын хүрээний томилгоо ч энэ Засгийн газарт байх нь. Түүний хүү УИХ-ын гишүүн Э.Батшугар одоо УИХ дахь Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар ажилладаг бөгөөд Цахим хөгжлийн сайд болох магадлал хамгийн өндөргэж тооцогдож байгаа.
Бусад намуудтай хамтрал хийхээр яригдвал ХҮН намын одоогийн 2 сайдын суудал хадгалагдаж, Үндэсний эвслийн дарга, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр аль нэг салбар биш гэхэд шадар сайд, үндэсний хорооны даргаар тохилогдох зураг зурагдсан бололтой байна.