
Ховд аймгийн төвөөс алга болсон 17 настай хүү олдоогүй байна, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, “Ховд аймгийн цагдаагийн газар болон холбогдох албаныхан хүүг аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд эрэн хайж байна. Олдоогүй байна. Яг одоогоор өөр нэмэлт шинэ мэдээллийг өгөх боломжгүй байна” гэв.
Алга болсон 17 настай хүү 2025 оны тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 01-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын төвөөс алга болжээ. Эрэн хайх ажиллагааны баг бүрэлдэхүүн Ховд аймгийн Цагдаагийн байгууллага дээр өчигдөр /2025.06.03/ хуралдаж дуусчээ.
Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Хурлын дарга Х.Батсүрэн: 17 настай Д алга болсон гэсэн мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдээд, дуудлага өгснөөс хойш манай Жаргалант сумын Цагдаагийн газар, ЗДТГ, Хүүхдийн байгууллага, эцэг эхчүүд, хамтарсан баг, ажлын хэсэг байгуулагдан тасралтгүй эрэн хайж байна. Нийт 70 орчим албан хаагч нар 12 баг дээрээ хуваагдаад, эрэн хайх ажиллагаа явагдаж байна.
Үүний дагуу Ховд аймгийн Жаргалант сумын нийт нутаг буюу 12 багийн хэмжээнд самнах, эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Сая болсон хуралдааны үеэр аймгийн “Богд үзүүр” хэмээх газар болон ойр орчмын газруудаар дроноор хийх ажиллагаа хийгдээд, харанхуй болсны дараа аймгийн төвөө бүрэн гүйцэд самнах чиг үүрэгтэй ажиллаж байна” хэмээлээ.
Харин 17 настай хүү 2025 оны 05 сарын 31-ээс 6 дугаар сарын 1-нд шилжих шөнө алга болсон бөгөөд дуудлага мэдээлэл өчигдөр буюу /2025.06.03/-ны өдөр л дөнгөж Цагдаагийн байгууллагад ирснээр эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Уг нь хүүхдийн ар гэр сургуулийн нийгмийн ажилтанд өнгөрөгч зургаадугаар 01-ний түрүүлж мэдэгдсэн ажээ. Хамгийн гол нь цаг хугацааны хувьд бүтэн 2-3 хоногийн дараа эрэн хайх ажиллагааг дөнгөж л эхлүүлсэн байна.