
Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааны талаар бодит мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор тус уулзалтад оролцсон 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийн дунд “Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааг мэдээлэх нь” сэдэвт сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаан зарласан бөгөөд уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг үнэлж дүгнэн, шилдэг хоёр бүтээлийг шалгаруулж, шагнал гардууллаа.
Сэтгүүл зүйн бүтээлийн уралдаанд:
- Тэргүүн байр – GOGO.mn сайтын сэтгүүлч Г.Тэгшсүрэнгийн “Шүүгчийг шүүхэд өгсөн нь” нийтлэл
- Дэд байр – МҮОНРТ-ийн сэтгүүлч Б.Доржбаярын “Шүүхийн сахилгын хороог 2021 онд байгуулсан” видео сурвалжлага тус тус шалгарсан юм.
Шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Шүүхийн сахилгын хорооны байранд зохион байгуулагдав.
Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Ариунтуяа уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал 2024–2026” төслийг амжилттай хэрэгжүүлж буй Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага /IDLO/, түүний суурин төлөөлөгч Чарльз Болланд болон төслийн багт талархал илэрхийлээд төслийн хүрээнд шүүх эрх мэдлийн байгууллагын ил тод байдлыг сайжруулах чиглэлээр олон талт, үр дүнтэй ажлууд хийгдсэн болохыг онцлов. Мөн тэрээр шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ойлгомжтой хүргэхэд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн оролцоо чухал бөгөөд тэдний мэдээллийн үнэн зөв байдал нь олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг онцлон дурдлаа.
Мөн Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага /IDLO/ -ын суурин төлөөлөгч Чарльз Болланд хэлсэн үгэндээ, уг арга хэмжээ нь шүүхийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг сайжруулах зорилготой төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй чухал үйл явдал болохыг онцлоод, сэтгүүл зүйн бүтээлийн уралдаан нь шүүхийн үйл ажиллагаа тэр дундаа Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааг илүү ойлгомжтой, хүртээмжтэй болгоход хувь нэмэр оруулсан хэмээн онцлов. Тэрээр Монгол Улсад шүүхийн ил тод байдлыг бэхжүүлэхэд идэвх санаачилгатай оролцож буй Шүүхийн сахилгын хорооны хамт олонд талархал илэрхийллээ.