
Түүний гарын хамгийн том нь эрхий хуруу. Энэ хуруугаар 22 жил тэргэнцэрийнхээ дугуйг эргүүлж амь амьдралаа тэтгэсэн. Одоо эл хуруунд хээ гэх зүйл үлдээгүй.

Гэрэл зургийг: Д.Гэлэгжамц
Б.Өнөрбат 22 жилийн өмнө Улаанбаатар хотын ил задгай цахилгааны утсан дээр гишгэж нэг хөлөө тайруулжээ. Үлдсэн нэг хөлийнх нь шилбэний ясан дээрх мах нь хорчийж, үхэжсэнээр явж чадахаа байсан. Тус хөлийнх нь шилбэнд хуруугаараа зөөлөн хүрвэл бүргэд хаалга тогших шиг “тог, тог, тог” хийх чимээ гарч байлаа.
Гэхдээ Б.Өнөрбат амьдралд, өөрийн бурангуй хүндээ бууж өгөөгүй. Гурав, дөрөвдүгээр хорооллоос Зайсангийн гүүр давж хоёрдогч түүхий эд цуглуулан амьдралдаа нэмэрлэдэг аж. Энэ тухайгаа ярихдаа “Би жаахан байхдаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан юм. Гэтэл нэг л өдөр ийм осолд орж хөлөө тайруулсан. Амьд үлдсэндээ баярладаг. Бурхны зурсан зураг ийм юм бол би сөрөөд нэг үзье гэж бодсон юм. Хүнээс тусламж гуйлгүй ингэж яваа минь наддаа эрх чөлөө” гэв.
АМЬДРАЛЫН ЦОНХООР ХАРАХ ХҮСЭЛ


Гэрэл зургийг: Д.Гэлэгжамц
Түүнийг осолд орчхоод, эмнэлэгт хэвтэж байхад ийм үйл явдал болжээ.
Сэтгэл зүйч:
-Таны сэтгэл санаа ямар байна?
-Би зүгээр ээ. Гэхдээ нэг л гуйх зүйл байна. Надад цонх хэрэгтэй. Би гадаа хүүхдүүдийн гүйлдэж, тоглохыг хармаар байна. Тиймээс намайг яг тэр цонхны доод талын орон дээр хэвтүүлээд өгөөч
-Болохгүй
-Яагаад
-Энэ цонхны хажуугийн орон дээр хэвтэж байсан эмэгтэй нисчихсэн. Тэр амиа хорлочихсон юм. Бас тан шиг хөлөө тайруулсан. Тэр хоёр хүүхэдтэй байсан юм. Гэр бүлтэйгээ орон нутгийн замд явж байхдаа осолд орж ийм эмгэнэлтэй зүйл тохиолдсон.
-Надад тийм илүүдээ гарсан амь байхгүй. Би амьдармаар байна. Амьдрахын тулд намайг тэр цонхоор харж хэвтэхэд минь туслаач.
Ийм яриа өрнөж байжээ.
Тийм ээ тэр амьдрах ямар байдгийг тэр цонхоор харсан. Одоо ч харж байна. Амьдралын цонхоор харах ийм буюу.
“ХАНИЙН МИНЬ ҮГЛЭХ Л ХАЧИН ГОЁ ХАЙР МЭДРҮҮЛДЭГ”


Гэрэл зургийг: Д.Гэлэгжамц
Б.Өнөрбат эхнэртэйгээ ханилаад 10 гаруй жилийн нүүрийг үзжээ. Түүнийг хөгжлийн бэрхшээлтэй гэлгүй ийн хайрлаж байгаа нь л жинхэнэ хайр. Хүнийг нь биш мөн чанарыг нь хайрлана гэдэг энэ.
Тэрбээр ханийнхаа тухай ярихдаа “Эхнэр бид хоёр өглөө зэрэг шахуу гардаг юм. Намайг машин тэргэнд дайруулчих вий. Тиймээс гэртээ бай гэж хэлдэг. Тэрийг үглэлт гэх үү, загналт гэх үү мэдэхгүй. Гэхдээ ханийн минь үглэх л надад хачин гоё хайр мэдрүүлдэг” гэв.
Харин бага насных нь тухай, өсөж торнисон амьдралынх нь тухай болгоомжлонгуй асуувал “Ахад нь эмзэг сэтгэл гэх юм үлдээгүй. Хатуу ширүүн амьдрал хүний дотроос эмзэг сэтгэл гэдэг шувууг үүрд нисгэчихдэг юм билээ.
Намайг багад аав, ээж хоёр салсан. Тэгээд эгч дүүсийг минь хүнд өргүүлсэн. Харин би гадуур тэнэж яваад ганцаараа өргүүлээгүй үлдсэн юм. Улмаар нэг л өдөр гэртээ харихад аав ээж хоёр маань салаад явчихсан байсан. Талийгч эмээ дээрээ хэсэг хугацаанд амьдарч байгаад нэг л өдөр өөрийн амьдралаа босгоё гээд гараад явчихсан юм. Саяхан манай эгч БНСУ-аас ирж гэр бүлийнхэн маань бөөнөөрөө уулзсан. Гоё л юм билээ. Ямартай ч ийм болчихлоо гэж тэдэндээ гоншигнож дарамт учруулаагүй л явна. Осолд орсны дараа ээж маань Дарханаас ирээд сэтгэл нь хачин их өмрөхийг харсан. Эх хүний сэтгэл үхдэггүй юм байна гэдгийг л ойлгосон. Тэр үед надад хэцүү байсан ч “Хүү нь зүгээр ээ. Нэг л өдөр сэп хийтэл босоод ирнэ гэж хэлж байлаа. Одоо хар л даа. Босоод ирсэн байгаа биз. Дөч хүрэхэд хоёрхон жил үлдлээ дээ” хэмээн санаашраад тамхиа асаалаа.
ХОТЫН ДАРГА НЯМДОРЖ /Х.НЯМБААТАР/ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЭЭЛГҮЙ ХОТЫГ БИЙ БОЛГОЖ БАЙНА


Гэрэл зургийг: Д.Гэлэгжамц
Үзэл бодол нуран унадаг ч үнэн хэзээд хаалгаар шагайлзаж л байдаг. Ямар нэгэн улс төрийн агуулгатай зүйл оруулахыг хүсээгүй ч хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдрахад таатай орчин Улаанбаатарт нэн хэцүү. Тэр тухай ч Б.Өнөрбат ярилаа. Тэрбээр “Хотын дарга Нямдорж /Тэр Х.Нямбаатарыг хэлж байна/ гарснаас хойш бидний амьдрах нөхцөл улам л хэцүү болсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж албан ёсоор хэлдэг ч яг амьдрах орчин нөхцөлийг нь бодож үзвэл нохойноос ч долоон дор байгаа нь үнэн шүү дээ. Жишээ нь явган хүний зам байна. Хашлага, бордюрыг ингэтэл өндөрлөдөг нь яаж байгаа юм бэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам гэж байна уу. Би лав мэдэхгүй. Налуу зам гэдэг үг энгийн иргэдэд нэг их сонирхолтой үг биш боловч бидэнд эрх чөлөө шиг сонсогддог.
Хөлөөсөө тэр чигтээ доош мэдээгүй хүмүүс явна гэсэн ойлголт үнэндээ байхгүй. Би яах вэ сурчихсан. Оролдсоор байгаад гарчихдаг юм. Гэтэл надаас өөр тулгуур эрхтний бэрхшээлтэй хүмүүс энэ хотод олон бий. Тэр хүмүүс яах вэ гэдэг асуудал яригдана.
Асууя, тэр хүмүүс яах вэ.
Өөр нэг асуудал нь скүүтер дугуйтай хүмүүс. Би автомашины замаар явахаасаа нэг их айдаггүй. Гэхдээ явган хүний замаар явахаас айдаг. Скүүтер дугуйтай хүмүүс чимээ гаргадаггүй учраас ирж мөргөчих гээд хэцүү байдаг. Тэднээс үнэхээр айдаг. ” гэж ярилаа.
“БИ ШИЛ ЛААЗ ЦУГЛУУЛСАН ГАЗРАА ХҮНД ХЭЛЭЛГҮЙ НУУЧИХДАГ”


Гэрэл зургийг: Д.Гэлэгжамц
Хоёрдогч түүхий эдийн зах зээл тийм ч жижиг биш. Ядууралтай холбоотойгоор, амь амьжиргаандаа нэмэрлэхийн тулд шил лааз түүдэг иргэд цөөнгүй. Тэр ч утгаараа өрсөлдөөн ихтэй. Өөрсдийн гэсэн шил лааз түүдэг газартай байдаг аж. Хэрэвзээ өөр “дош”-ны хүн явж үзэгдвэл гадуурхдаг, амь насанд нь заналхийлэх тохиолдол ч гардаг аж.
Энэ тухай ярихдаа “Намайг өөр газар шил лааз түүхээр очвол тэд алж ч мэднэ. Араас шил, лонх ер юугаар ч цохиж мэднэ. Бид хэдийгээр хэцүү нийгэмд амьдарч байгаа хэдий ч хүнээрээ л үлдвэл зүгээр сэн дээ. Зүгээр хоол хүнсний юмаа авах гээд өөр газар явж байхад л энэ муу зайсангийн хүн энд юу хийж яваа юм гээд л эхэлдэг. Нэг нэгдээ хайртай л байвал бусад нь болно доо” хэмээн ярьсаар бидний яриа өндөрлөлөө.