
Эрхэм Монголчууд аа. УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ, Өнөөдөр миний бие болон хамтарсан ЗГ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй боллоо. Эх орон ард түмэндээ зүтгэх нэр төртэй үүргийг хүлээж цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Намайг дэмжиж итгэл хүлээлгэж ирсэн МАН-ын журмын нөхдөдөө талархаж байна. 100 жилийн түүхтэй улс төрийн ууган хүчин МАН-ыг нэгэн зуунаас шинэ зуунд намынхаа мянга мянган гишүүд дэмжигчдийн хамт ялалтаар түүчээлсэн нь миний амьдралын бахархалт түүх болон үлдэх болно
Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Дашзэвэгийн Амарбаясгалан нарт талархал илэрхийлье. Мөн Их хурлын эрхэм гишүүд та бүхэндээ талархал илэрхийлж байна.
Салбар бүрийн төлөөлөл 126 гишүүн бүхий холимог тогтолцоотой парламентыг бүрдүүлэх мөн хурдтай хөгжлийн төлөө зориг уриан дор хамтарсан Засгийн газрыг байгуулж олон жил гацсан төслүүдийг урагшлуулахад улс төрийн манлайлал үзүүлж хамтран ажилласан АН-ын нийт гишүүд, АН-ын дарга Лувсаннямын Гантөмөр, ХҮН нам, Хүн намын дарга Тогмидын Доржханд танд болон парламентад суудалтай нийт намын удирдлагууд, эрхэм гишүүд, мөн надтай хамтран ажилласан нийт бүрэлдэхүүндээ бүх талаар дэмжиж ажилласан УИХ, УИХ-ын нийт удирдлагууд УИХ-ын эрхэм гишүүд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье ээ. Дараагийн Монгол Улсын Ерөнхий сайдын үйл хэрэг өрнүүн их замд нь амжилт хүсье.
Дараагийн Ерөнхий сайдын амжилт бол Монголчууд бидний хамтын амжилт учраас бүх талаар дэмжиж хамтран ажиллах болно. Намайг дэмжсээр ирсэн ард түмэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Ил тод нээлттэй нийгмийн төлөө үзэл бодлоо илэрхийлсэн ардчилсан нийгмийн ирээдүй болсон залуучууддаа талархаж байна. Надад итгэж үзэл санаа нэгдэж хамт байгаа эрхэм гишүүддээ баярлалаа. Өнөөдөр ордонд хүч мөхөстөж байгаа ч олон нийтийн хүсэл эрмэлзэл огт өөр байгааг би мэднэ. Үзэл санаа үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй. Аалзны тор мэт сүлжилдсэн ашиг сонирхлын сүлжээ ард түмнийг дийлнэ гэж хэзээ ч байхгүй. Мөнх хөх тэнгэрийн дор ардчилсан парламентын засаглал мөнхөд орших болтугай. Баярлалаа.