
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан шөнийн 02:15 цагийн байдлаар “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай” тогтоолын төслийг үргэлжлэн хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл дараах байр суурийг илэрхийллээ.
“Одоогоос яг 11 сарын өмнө буюу 2024 оны 7 дугаар сарын 2-ны өдөр бид нар тангаргаа өргөөд, Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж анхны чуулганаар асуулт асууж байсан юм. Ер нь энэ хөрөнгө орлогоо нотолж тайлбарлаж чадахгүй байгаа хүмүүсийг яах юм бэ? Хууль бус хөрөнгийг хураадаг,дэлхийн нийтийн жишиг байна. Үүнийг ер нь хэрэгжүүлэх юм уу, үгүй юу гэж асууж байсан.
Ингээд 7 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын ЗГ байгуулагдаад, сонгуулийн үеэр хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төсөл санаачилж боловсруулна гэж байсан, энэ амлалтаа ажил хэрэг болгох боломж олдсон.
Энэ үзэл санаа хуулийн төсөл болсон. ЗГ-аар орсон манай ЗГ-ын нэр бүхий гишүүд эсэргүүцэж байсан.
Гэхдээ Ерөнхий сайд өөрөө улс төрийн манлайлал гаргаад, энэ хуулийн төслийг бид нар дэмжих ёстой гээд 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр ЗГ-аас УИХ-д хүргүүлж байсан. Ийм түүх байна. Дараа нь энэ оны 2 дугаар сард Ухаа худагтай холбоотой асуудал яригдаж эхэлсэн.
УИХ-аар стратегийн орд газарт хамааруулсан Тавантолгойн орд газрыг Энержи ресурс компанид эзэмшүүлсэн асуудал нь хууль ёсны байна уу, үгүй юу гэдэг энэ асуудал хөндөгдсөн ажлын хэсэг гарсан. Ерөнхий сайдын захирамжаар миний бие энэ ажлын хэсгийг ахалсан.
Ингээд дүгнэлтээ гаргасан. Үүний дагуу УИХ-аас 18 жилийн дараа өнгөрсөн 5 дугаар сард УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Цаашдаа орлогоо нотоллоо гэж шаардаж байгаа иргэд маань, өнөөдөр энэ талын хууль эрх зүйн орчныг сайжруулахгүйгээр энэ асуудал ямар ч боломжгүй гэдгийг ойлгоосой.
Цаашид Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах нөхөн төлүүлэх тухай энэ хуулийн үзэл санаа дэмжигдээсэй.
Өнөөдрийг хүртэл энэ Эрүүгийн хуулийн 22.10 буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдгээр ердөө 10 гаруйхан хүн шийдэгдсэн байгаа гэдгийг ойлгоосой.
Өнөөдөр ганцхан энэ Ерөнхий сайд болон ЗГ-тай холбоотой асуудал биш. Цаашдаа энэ урт удаан хугацаанд үргэлжлэх үзэл санааны тэмцэл гэдгийг ойлгоосой. Стратегийн орд газрыг эзэмшигч Монгол Улсын байгалийн баялгийг эзэмшигч аливаа нэг субъект нь ямарваа нэг компани нь Монголын төрөөс том байх ёсгүй гэдгийг Монгол төрийн бодлого, төр дээрээ гардаг хэрэгждэг байгаасай гэдэг энэ сургамжийг аваасай гэж бодож байгаа. УИХ-ын гишүүдийн үг болгон протоколд үлдэж байгаа.
Хожмын цагт юун дээр тэмцэл болсон, юм хаанаас, энэ асуудал учигтай юм бид нар яаж, энэ асуудлаа шийдэх юм бэ гэдэг дээр шийдэл хэлж үзэл бодлоо хэлж үлдээх нь хожмоо үйл явдлын үнэн бодит байдлыг ойлгоход тус нэмэртэй гэж бодож энэ үгийг хэлж байгаа юм.
АН-ын бүлэг улс төрийн шийдвэр гаргаад АН-ын сайдууд өөрсдөө өргөдлөө өгөөд улс төрийн шийдвэр гаргачихсан. Хууль бус хөрөнгөтэй тэмцэх Монголын ард түмэн байгалийн баялагтаа эзэн байх асуудал бол УИХ-ын чуулганы танхимд сууж байгаа төрийн сүлдэндээ хандаж, үнэнч ажиллахаа илэрхийлж тангараг өргөсөн УИХ-ын гишүүн нэг бүрийн үүрэг шүү гэдгийг цохон тэмдэглэж хэлье” гэлээ.