
Хакүхо М.Даваажаргал Сүмогийн холбооноос гарах өргөдлөө өнгөрсөн долоо хоногт өгсөн. Үүнийг даваа гарагт холбоо хэлэлцээд хүлээн авч буйгаа мэдэгдсэн байна.
Тэрбээр энэ сарын 9-ний өдөр албан ёсоор холбооноос гарах ба энэ үеэр сэтгүүлчдэд мэдэгдэл хийх аж. Хакүхо сүмогийн 20 жилийн карьерынхаа хугацаанд 45 удаа түрүүлж байсан. Тэрбээр 2021 онд зодог тайлж, Миягино дэвжээний багш болсон юм.
Гэсэн ч өнгөрсөн оны хоёрдугаар сард түүний удирдаж байсан дэвжээний тамирчин хүчирхийлэл үйлдсэн хэрэг гарснаар Хакүхог хоёр цол бууруулж, хамгийн доод зэрэглэлд буюу залуу багшийн зэрэгт шилжүүлсэн. Үүний улмаас түүний Миягино дэвжээ хаагдаж, багш болон бөхчүүд нь Исэгахама дэвжээ рүү шилжсэн.
Одоогор Хакүхо М.Даваажаргал Монголд байгаа бөгөөд маргааш буюу зургаадугаар сарын 3-ны өдөр Ж.Мөнхбат аваргын хөшөөний нээлтэд оролцоно гэдгээ цахим хуудсаараа мэдэгдсэн юм.