
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэхийг яг одоо УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэллээ
“Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай тогтоолын төсөл”-ийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэн олонхийн саналаар дэмжсэн.
Одоо УИХ-аар уг тогтоолын төслийг эцэслэн батална. Хуралдааны өмнө УИХ дахь АН-ын бүлэг асуудлыг дотооддоо ярьж, шийдвэрт хүрээд байна. Нэг ёсондоо АН-аас суудалтай 42 гишүүний саналыг хайрцаглаж, санал хураалтад оролцохгүй байхаар шийдсэн. Санал өгөхгүй гэдэг нь эсрэг саналд тооцогддог. Харин чуулганы хуралдаандаа сууж, байр суурь, үзэл бодлоо бол илэрхийлэх юм байна.
Үндсэн хууль дахь Ерөнхий сайдад итгэл үзүүлэх заалт нь ирцийн бус нийт 126 гишүүний олонхоор шийдэгдэнэ. Иймд 63+63 болж санал тэнцэх буюу, 64 болон түүнээс дээш санал авбал тогтоолын төсөл дэмжигдэнэ.
Хэрэв АН-ын гишүүд бүлгийн байр суурьдаа үнэнч үлдвэл 42 эсрэг санал нэгэнт өгөгдсөн гэсэн үг. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, МАН-аас суудалтай гишүүдээс 40 орчим нь итгэл үзүүлэх талд кноп дарна гэгдэж байгаа юм. Харин үлдсэн 25 орчим саналыг АН ба бусад намаас босгох боломж харагдаж байсан. Одоо АН-ынхан бүгд эсрэг гарвал, ХҮН нам – Найм ИЗНН – Дөрөв Үндэсний эвсэл – Дөрөв, нийт 16 өөр намын санал орж ирэх боломжтой.
Энэ 16 санал Ерөнхий сайдын талд гарлаа ч олонхын 63+ босгыг давахгүй байх магадлал үүслээ. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай тогтоол УИХ-ын чуулганаар ДЭМЖИГДЭХГҮЙ байх магадлалтай болчихоод байна.