
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов манай улсад айлчилж байна
Түүнийг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд хүндэтгэн угтан авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ.
Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улс болон Туркменистан Улсын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчидтэй мэндчилэв.
Сердар Бердымухамедов Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсны дараа хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт хийлээ.
Туркменистаны Ерөнхийлөгчийн хувиар анх удаа хийж буй төрийн айлчлалын үеэр талууд худалдаа, эдийн засаг, хөнгөн үйлдвэр, шинжлэх ухаан, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичигт гарын үсэг зурна.
Айлчлалын хүрээнд Монгол, Туркменистаны бизнес форум, туркменистаны гар урлал, хивсний үзэсгэлэн, худалдаа болон соёлын хамтарсан тоглолт зохион байгуулах юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Төрийн тэргүүн нар өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт амжилтыг хэлэлцэж, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдийн талаар ярилцлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Туркменистан Улстай хөгжүүлж буй найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийллээ.
Төрийн тэргүүн нар нэг жил хүрэхгүй хугацаанд харилцан айлчилж байгаа нь хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг улам бүр бататган бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэлээ.
Ерөнхийлөгч С.Бердымухамедов, Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж байгаадаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 онд Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлалаас хойш хоёр улсын хамтын ажиллагаа олон салбарт эрчимжиж буйг онцоллоо.
Өнгөрсөн онд Ашхабад хотноо харилцан тохиролцсон зүйлс эхнээсээ бодит ажил хэрэг болж байгаад Ерөнхийлөгч нар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Харилцааны эрх зүйн үндсийг улам бүр бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт идэвхтэй хамтрахаар тохирч, Засгийн газар болон байгууллага хоорондын гэрээ, хэлэлцээр байгуулсныг сайшаан тэмдэглэлээ.
Харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих механизм бий болгох зорилгоор “Хамтын ажиллагааны Монгол-Туркменистаны Засгийн газар хоорондын комисс” байгуулсныг онцоллоо.
Зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тээвэр, логистикийн шинэ чиглэл бий болгох хүрээнд Автотээврийн хамтарсан хороо, мөн Хөдөө аж ахуй болон мал эмнэлэг, мал аж ахуйн хамтарсан хороо байгуулсан нь хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.
Худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах хүрээнд хөнгөн үйлдвэрийн салбарт төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Их, дээд сургууль хоорондын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, оюутан залуусыг Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт харилцан хамруулах, боловсон хүчин бэлтгэх, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулахаар боллоо.
Талууд олон улс, бүс нутгийн түвшинд хоёр талаас дэвшүүлсэн санал, санаачилгуудыг харилцан дэмжих, байгаль орчин, ой мод, усны нөөцийг хамгаалах, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлээр олон улсын байгууллагуудын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаа нотоллоо.
Монгол Улсын санаачилга “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т Туркменистан Улс нэгдэн орсонд манай улс талархал илэрхийллээ.
Цаашид далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгарч буй саад, бэрхшээлийг даван туулах, хөгжлийн бодлого боловсруулах, харилцан туршлага солилцох чиглэлээр хамтрахаар боллоо.


Монгол, Туркменистаны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх 14 баримт бичигт гарын үсэг зурлаа
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын төрийн айлчлал үргэлжилж байна.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нар “Монгол, Туркменистаны хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурлаа.
1. “МОНГОЛ, ТУРКМЕНИСТАНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ”
Талууд улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн чухлыг онцоллоо.
2. “ХОЁР ТАЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХАМТАРСАН КОМИСС БАЙГУУЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Туркменистан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Рашид Мередов,
Хамтарсан комисс байгуулж, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техник, технологи, дээд боловсрол, хүнс, хөдөө аж ахуй, соёлын салбарын асуудлаар хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалтуудыг хоёр жилд нэг удаа зохион байгуулна.
3. “ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦЭЭР”-т
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Туркменистан Улсын Шадар сайд Ходжамырат Гелдимурадов,
Харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор эрчим хүч, тээвэр, харилцаа холбоо, дэд бүтэц, хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, мэдээлэл, туршлага солилцох, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих зэрэг арга хэмжээ хэрэгжүүлнэ.
4. “ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСАГ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САЛБАРТ 2026-2028 ОНД ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ДУНД ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨР”-т
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Туркменистан Улсын Шадар сайд Ходжамырат Гелдимурадов,
2026-2028 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойллоо. Худалдааг өргөжүүлэх зорилгоор харилцан солилцох боломжтой бараа, үйлчилгээний тоог нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг харилцан дэмжих, жижиг, дунд бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, тээвэр, логистикийн дэд бүтцийг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулалт, барилга, мал эмнэлгийн чиглэлээр хамтран ажиллана. Бизнес форум тогтмол зохиож, хоёр улсын зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ шат дараатай таниулна.
5. “МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН 2026-2027 ОНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР”-т
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Туркменистан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Рашид Мередов,
Яам хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар зөвлөлдөх уулзалтыг тогтмол зохион байгуулж, мэдээлэл солилцоно.


Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын төрийн айлчлал үргэлжилж байна.
Хоёр орны төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө.
Жил хүрэхгүй хугацаанд харилцан төрийн айлчлал хийж буй нь уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагийн тод илрэл гэдгийг төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэлээ.
Хоёр улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ:
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Энд хүрэлцэн ирсэн хэвлэлийн төлөөлөгчид өө,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Туркменистан Улсын Ерөнхийлөгч, Эрхэм хүндэт Сердар Бердымухамедов та Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар өнө эртний түүхт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад төрийн айлчлал хийж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 10 дугаар сард Ази-Европыг холбосон “Торгоны зам”-ын зангилаа, Төв Азийн цагаан дагина болсон танай сайхан оронд эрхэм Ерөнхийлөгч таны урилгаар төрийн анхны айлчлал хийснээ эргэн дурсахад таатай байна.
Энэ айлчлал нь манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 30 гаруй жилийн хугацаанд Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж буй төрийн анхны айлчлал бөгөөд харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн, онцгой ач холбогдолтой түүхэн айлчлал болж байгааг онцлон тэмдэглэж байна.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны төрийн айлчлалаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 онд Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулсан хамтын ажиллагааны баримт бичгүүдийн биелэлт, үр дүнг дүгнэн хэлэлцэж, харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Бидний яриа хэлэлцээний үр дүнд “Монгол, Туркменистаны хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл” гаргалаа.
Энэхүү баримт бичиг нь хоёр улсын хамтын ажиллагааны цаашдын чиглэл, замын зураглалыг тодорхойлж, хоёр орны харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 онд Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Агаарын болон олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Мал аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай яам хоорондын хэлэлцээр” болон тээвэр, логистик, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааны үндэс суурь болсон бусад баримт бичигт гарын үсэг зурсан.
Тэгвэл Эрхэм Ерөнхийлөгч таны төрийн айлчлалаар харилцааг худалдаа, эдийн засаг, гааль, хөнгөн үйлдвэр, шинжлэх ухаан, соёл, боловсрол, хэвлэл мэдээлэл, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагаагаар баяжуулан Засгийн газар болон байгууллага хоорондын 14 баримт бичигт гарын үсэг зурлаа.
Тухайлбал, “Хоёр талын хамтын ажиллагааны хамтарсан комисс байгуулах тухай хэлэлцээр”, “Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт 2026-2028 онд хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Засгийн газар хоорондын дунд хугацааны хөтөлбөр”-ийг тус тус байгуулсныг онцлон тэмдэглэе.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Монгол, Туркменистаны уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлийг онцлон тэмдэглэж, гүн талархал илэрхийлье.
Та бид 2024 онд Ашхабад хотноо манай хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлсон нь богино хугацаанд биеллээ олж, эхнээсээ бодит ажил хэрэг болж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна.
Тухайлбал, хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдол бүхий хамтын ажиллагааны механизм бий болгохоор тохирсны дагуу “Монгол-Туркменистаны Засгийн газар хоорондын комисс” байгуулсан.
Түүнчлэн “Автотээврийн хамтарсан хороо”, “Хөдөө аж ахуйн хамтарсан хороо” болон “Мал эмнэлэг, мал аж ахуйн хамтарсан хороо”-г тус тус байгуулсан нь эдгээр салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэж үзэж байна.

