
Одоо тогтож хайрла. Бүх мэдээллийг нарийн бодож маш хэрсүүгээр болж буй бүх үйл явдлыг шүүн бодоход тань туслах болов уу хэмээн ийн бичиж байна.. “Одоо тогтож хайрла” гэхээр үзэл бодлоо илэрхийлснийг, улс төрд болж буй үйл явцыг хэлж байгаа юм биш. Зөвхөн мэдээллийн эмх замбараагүй энэ үйл явцаас нарийвчилсан, ойлгомжтой тоймыг хүргэхийг зорилоо.
ЖАГСААЛ ИНГЭЖ ЭХЭЛСЭН…
2025 оны тавдугаар сарын 14-ний өдөр: Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн гэр бүлийнхээ орлогоос давсан, хэт тансаглалтай холбоотой асуудалд шүүмжлэлтэй хандсан залуус төв талбайд “Огцрох амархан нэртэй жагсаал хийж эхлэв.
Иргэн Л.Доржтүдэв тус асуудалтай холбоотой Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулж эхлэв. Өдгөө гарын үсэг зурсан хүмүүсийн тоо 200 мянга давсан. Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд дараах асуудлууд хөндөгдөж байлаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлд зааснаар “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэснийг тус тус үндэслэн УИХ-д хандан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөл санаачилсан.
Тус өргөдөлд дараах асуудал хөндөгдөв.
- Инфляц, үнийн өсөлтийн эсрэг үр дүнтэй тэмцэж чадаагүй.
- Ажилгүйдэл, ядуурал буураагүй
- Түүхэнд байгаагүй өндөр төсөв баталсан ч төсвийн зарцуулалт ил тод бус
- Хамтарсан Засгийн газар байгуулснаар сөрөг хүчний үүрэг алдагдсан.
- Ардчиллын индексээр
- Сонгуулийн автократ ангилалд шилжсэн.
- Хэвлэлийн эрх чөлөө хумигдсан.
- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн тансаг хэрэглээний эх үүсвэр тодорхойгүй
- УИХ-ын гишүүн Ж.Баярмаад Ерөнхий сайдын гаргасан зохисгүй хандлага нь эмэгтэйчүүдийн эрх, парламентын соёлд ноцтойгоор халдсан гэж олон нийт, улс төрийн хүрээнд хүчтэй шүүмжлэл дагуулсан.
ШӨНӨЖИН ҮРГЭЛЖИЛСЭН МАН-ЫН БАГА ХУРАЛ
МАН-ын Бага хурлын гишүүд 12 цаг хэлэлцсэний эцэст Засгийн газрын хамтралыг дэмжээгүй. Намынх нь Бага хурлын үеэр “Хамтарсан Засгийг дэмжихгүй бол хариуцлага хүлээн, ажлаа өгнө” хэмээн ярьсан билээ. Нэмэлт мэдээлэл өгөхөд Ерөнхий сайдыг огцруулах, Засгийн газрыг тараах эрх мэдэл нь УИХ-д байдаг. Эл асуудалтай холбоотой манай сайтаас сурвалжилсан мэдээллүүдийн линкийг доор хавсаргалаа.
АН-ЫН ДАРГА Л.ГАНТӨМӨР ЗАСГААС ГАРНА ГЭДГЭЭ ХЭЛЖ ОНООГОО НЭМСЭН БОЛ ХҮН-ИЙН Т.ДОРЖХАНД НҮҮРЭЭ ШИРЛЭВ
МАН-ын бага хурлаас Засгийн газрын хамтралыг дэмжээгүй. Энэ үйл явдлын дараа Ардчилсан Намын дарга Л.Гантөмөр энэ асуудалд манай нам буруугүй. Бид засгаас гарна. Цаашлаад сөрөг хүчнийхээ ажлыг хийнэ. Би өөрөө ч мөн адил намын даргын ажлаа өгнө хэмээн оноо нэмэв.
Харин ХҮН намын дарга Л.Доржханд “Хамтарсан засаг сайн ажилласан. Хамтралаас татгалзахгүй” гэдэг байр суурийг илэрхийлсэн. Улмаар иргэд сонгогчдынхоо болоод намын гишүүдээсээ хүчтэй эсэргүүцэл авсан.
ДАВХАР ЖАГСААЛ БУЮУ “УХАА ХУДГАА АВЪЯ”
Мэдээж Л.Оюун-Эрдэнийг хийж хэрэгжүүлж буй үйл хэрэгтэй холбоотойгоор түүнийг дэмждэг иргэд чөлөөтэй байр суурь, үзэл бодлоо илэрхийлж болно. Энэ нь нээлттэй асуудал. Манай сайт ч гэсэн мэдээллийн тэнцвэрт байдлыг хангаж эл асуудалд хэнийг ч буруутгахгүй. Зөвхөн тоймлоно.
Жагсаалын долоо дахь өдрөөс эхлэн “Ухаа худгаа аваръя” нэртэй жагсаал болов. Зарим иргэдийн зүгээс жагсаалыг саармагжуулах өндөр төлбөр бүхий жагсаал хууль зөрчин давхар болж байна гэсэн бухимдлаа илэрхийлэв. Харин энэ үеэрээ масктай залуус, хөгшид “Огцрох амархан” жагсаалынхныг турхирах, хаших, өшиглөх, биед нь гэмтэл учруулах зэрэг асуудлууд ч гарсан билээ. Энэ мэдээлэл цахимд нээлттэй буй. Цаашлаад жагсаалын орой тортой мах аваад буцаж буй ахмадуудын зураг ч цахим орчинд тархаад амжив.
ШАТАХУУНЫ ҮНЭ 200 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭЖ ДАРАА НЬ 100 ТӨГРӨГӨӨР БУУВ
2025 оны тавдугаар сарын 25 АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдэв. Нэг талаас жагсагчдын гор, нөгөө талаас Засгийн газрыг унагахтай зэрэгцэн хийж буй акц гэсэн хардлага төрж эхлэв. Тухайлбал “Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлөөс АИ-92 шатахууны үнийг 200 төгрөгөөр нэм гэсэн үүрэг өгч, угаас алдагдалтай байсан шатахуун импоргтлогч компаниуд алгаа ташин хүлээн авсан” гэх хардлага газар авав.
“ХЭРГИЙН ЭЗЭН ХЭНГЭРГИЙН ДОХИУР” О:ТЭМҮҮЛЭН ИРЖ МЭДҮҮЛЭГ ӨГӨВ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү Тэмүүлэн найз бүсгүйдээ өндөр үнэтэй эд, зүйлс бэлэглэсэнтэй холбоотойгоор түүнийг болон аавыг нь орлогоо нотлохыг шаардан хөрөнгө, орлогыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт зарим иргэд гомдол гаргасан. Гомдлын дагуу Авлигатай тэмцэх газар О.Тэмүүлэнгээс мэдүүлэг авсан ч одоогоор нотлох баримт ил болоогүй байна. Хуулийн хугацаа гэх нэрийн доор лугшсаар буй.
ЕРӨНХИЙЛӨГЧ АМ НЭЭВ
Засаглалын хямрал нүүрлэв гэх үг гурван салаа утгаар ашиглагдаж. Парламентын засаглалаас ерөнхийлөгчийн засаглалд шилжинэ гэсэнд Монгол Улсын Ерөнхийлөгч хариулт өгсөн нь онцлох үйл явдал байлаа. Тэрбээр Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй гэдгээ урд өмнө илэрхийлж байсан. Одоо ч энэ байр суурь огт өөрчлөгдөөгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Монгол Улс бол Үндсэн Хуульд заасны дагуу парламентын засаглалтай орон. Энэ бол монголын ард түмний сонгосон сонголт, үнэт зүйл юм” гэв.
Энэ талаар бичсэн Засаглалын хямрал гэх “зовсон” үг нийтлэлийг ЭНД дарж уншаарай.
Учир явдал ийм бол: УИХ Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх асуудал юу болох вэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх тогтоолын төслийг өнөөдөр /2025.06.02/ УИХ авч хэлэлцэж байна…
Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэхээс өмнө УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөлийн хурал хуралдаж Ерөнхий сайд итгэл үзүүлэх эсэх тухай тогтоолын төслөө танилцуулан, гишүүдийн асуултад хариулсан. Үргэлжлүүлэн Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Ерөнхий сайд байнгын хорооны гишүүдийн асуултад хариулсан бөгөөд Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай тогтоолын төслийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Ерөнхий сайд санал хураалтад оролцохоос татгалзан гарч явсан бол санал хураалтыг цаасаар, нууц хэлбэрээр явууллаа. Эцэст нь санал хураалтын дүнг танилцуулахад Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг ТББХ-ны хуралд оролцсон 23 гишүүний 17 нь буюу 73,9% саналаар зөвшөөрч, 6 гишүүн буюу 26,1% нь татгалзсан санал өгсөн байлаа. Үргэлжлүүлэн УИХ-ын нэгдсэн чуулганаар тогтоолын төслийг хэлэлцэн эцсийн шийдвэрийг гаргана.
– Итгэл үзүүлэхгүй гэвэл Ерөнхий сайд огцорно.
– Итгэл үзүүлнэ гэвэл Хамтарсан засаг хэвээр үлдэнэ.