
Гурван жилийн өмнө язгууртны хэргэмээсээ татгалзаж, жирийн амьдралыг сонгосон Японы гүнж асан Мако Комүро анхны хүүхдээ өлгийдөн авчээ.
Мако Японы угсаа залгамжлах хунтайж Акишино болон түүний гэргий Кико нарын ууган охин юм.
Хүүхдийн хүйс зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч хааны гэр бүлийнхэн Маког анхны хүүхдээ өлгийдөн авсанд баяр хүргэж, аз жаргал хүсэн ерөөж байгаа хэмээн хэвлэлийн албанаас нь мэдээлсэн байна.
Хэвлэлийн албанаас албан ёсны мэдээллийг өнгөрсөн баасан гарагт хийсэн бөгөөд “Хааны угсааг орхисон хүний хувийн амьдралтай холбоотой асуудал учир тайван орчинд байгаасай гэж хүсэн олон нийтэд шууд мэдээлээгүй” гэв.
Өдгөө 33 настай Мако 2021 оны аравдугаар сард коллежид хамт суралцаж байсан Кэй Комүротой гэрлэсэн.
Язгууртан бус жирийн хүнтэй гэрлэсэн хааны угсааны эмэгтэй гишүүн хуулийн дагуу язгууртны хэргэмээсээ татгалзах шаардлагатай болдог.
Тэд гэрлэснийхээ дараа АНУ руу нүүсэн бөгөөд нөхөр Кэй нь 2022 онд Нью-Йорк мужийн өмгөөлөгчийн шалгалтад гурав дахь оролдлогоороо тэнцэж, хууль зүйн компанид ажилд оржээ.