
Өнгөрөгч бямба гарагт буюу /2025.05.31/ “Реппер 113”-ын “Зуны зугаа” шоу тоглолт төв цэнгэлдэх хүрээлэнд болсон. Тэгвэл тус тоглолтын үеэр зодоон болж буй бичлэг цахим орчинд түгсэн. Мөн тоглолын үеэр үзэгчдийг үл таних этгээд хутгалж гэмтээсэн талаар мэдээлэл цахим орчинд тархсан билээ. Уг хэрэгт өртөн биедээ хутгалуулан гэмтэл авсан 35 дуудлага мэдээлэл ЦЕГ-т бүртгэгджээ.
Үүнтэй холбогдуулан хүний биед халдсан этгээдийг барьсан талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, “Хэрэгтэнг барьсан. Энэ асуудалтай холбоотой 20 гаруй хүнийг шалгаж байна. Мөн мэсээр гэмтэл авсан гурван иргэн байна” гэж байлаа.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас, “Гуяныхаа ард хутгалуулсан гэх мэдээлэл шөнийн 03:30 цагийн үед бүртгэгдсэн. Тухайн дуудлага мэдээллийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэсээс шалгаж байгаа. Түүнчлэн нийтдээ тус тоглолтын үеэр бэртэл авсан гэх 35 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Одоогоор 22 дуудлага мэдээллийн дагуу мөрдлөг үргэлжилж байна” гэх мэдээллийг өгч байсан юм.
Харин өнөөдөр буюу /2025-06-02/-нд ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв
ЦЕГ: “Зуны зугаа тоглолтын үеэр цагдаагийн байгууллагын 140 алба хаагч хяналт тавьж ажилласан. Тухайн тоглолтын үеэр гэмт хэрэг зөрчлийн 35 дуудлага бүртгэгдсэнээс одоогоор 22 хэрэг зөрчилд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Бид уг арга хэмжээний үеэр 10 хутга, хоёр зодооны хэрэгсэл хураан авч, 18 гээгдсэн зүйлсийг эздэд нь хүлээлгэн өгсөн. Мөн төөрсөн болон согтуурсан 22 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгч ажилласан. Тоглолт зохион байгуулагчдын зүгээс тухайн тоглолтыг 29 мянга орчим хүн үзсэн гэх мэдээллийг өгсөн” хэмээсэн юм.
Гэмтэл согог, судлалын үндэсний төв:
Дээрх хэргийн талаар ГССҮТ-өөс тодруулахад: 2025 оны тавдугаар сарын 31-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон “Зуны зугаа-2025” шоу тоглолтын үеэр эмх замбараагүй байдал үүсэж, цөөнгүй иргэн тэр дундаа өсвөр насны хүүхдүүд хутгалуулсан тухай мэдээлэл цахим сүлжээнд гарсан. Тэгвэл энэ өдөр тус тоглолтын үеэр гэмтэж бэртсэн гурван хүүхэд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт тусламж үйлчилгээ авчээ. Дээрх тохиолдлын хувьд 15, 16, 20 настай үйлчлүүлэгч байсан бөгөөд “Гуяны ил шархтай” гэсэн оноштойгоор яаралтай тусламж үзүүлж, харьяа дүүргийн эмнэлгийн хяналтад буцаасан байна.
2025 оны тавдугаар сарын 31-ний бямба гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон “Зуны зугаа” шоу тоглолтыг нийт 29 мянган хүн үзэж сонирхжээ. Хамгийн гол нь тус тоглолтын үеэр жил бүр тэр дундаа сүүлийн жилүүдэд эмх замбараагүй байдал гарч, бэртэл гэмтэл их бага, хэмжээгээр авдаг гэдгийг иргэд цахим орчинд хэлж ярьж байна.
Насанд хүрээгүй хүүхдийг харгалзах хүнтэй бол уг тоглолт руу дотогш нэвтрүүлдэг аж. Ингэхдээ үзэгчдийн цүнх, савыг шалгадаг хэдий ч энэ удаагийн хамгаалалтын алба болон зохион байгуулагчдын зүгээс хайхрамжгүй байдал гаргасныг дээрх болсон бодит гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл илтгэж байна.
Цаашид шоу тоглолт, ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулж буй хариуцсан зохион байгуулагч нарт хандан зөвлөхөд аливаа тоглолтын насны хязгаарыг +21 болгох, хяналт шалгалтын арга хэмжээг сайжруулах, үзэгч иргэдиийн аюулгүй байдал, амьд явах баталгааг онцгойлон анхаарах цаг ирснийг сануулж байна. Мөн аливаа арга хэмжээг зохион байгуулагчид дотор орчинд архи, согтууруулах ундааг худалдаалахдаа хууль, дүрэм журмаа ягштал мөрдөж, иргэний бичиг баримтыг заавал шалгаж, ашгийн бусаар ажиллахыг анхааруулсан дохио болж өглөө.
Түүнчлэн Монголдоо тоглолт үзэж яваад л бэртэж гэмтэн, тэр бүү хэл хүйтэн мэсний халдлагад өртөнө гэдэг нь байж боломгүй, хэний ч төсөөлөмгүй явдал билээ. Яг л гадны террорист халдлагатай улс орнуудад болдог шиг адил кэйс Монголд өрнөсөн гэхээр зүүдэнд ч оромгүй, айдас төрүүлсэн явдал боллоо.
Иймд эцэг, эхчүүд, асран хамгаалагчид үр хүүхдээ хэнтэй нөхөрлөж, хаана хэрхэн чөлөөт цагаа өнгөрүүлж буйд онцгойлон анхаарал хандуулж, хүүхдийн хүмүүжил төлөвшилд нэн тэргүүнд чухал үүрэг хариуцлагатай оролцохыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.