
“PSG” клубын ялалтын дараа Парист эмх замбараагүй байдал үүсжээ
Францын хөлбөмбөгийн “Paris Saint-Germain” клуб өнгөрсөн бямба гарагийн орой “Inter Milan” клубыг 5:0 харьцаатайгаар хожиж, түүхэндээ анх удаа Аваргуудын лигийн цомын эзэн болсон билээ. Үүнтэй холбоотойгоор 6-р сарын 1-ний шөнө тус клубын хөгжөөн дэмжигчид эмх замбараагүй байдал үүсгэсний улмаас 2 хүн амиа алдаж, Франц даяар 559 хүнийг баривчилжээ.
PSG клубын ялалтыг тэмдэглэх нэрээр хөгжөөн дэмжигчид хаа сайгүй салют буудуулж, автобусны буудлуудыг эвдлэн сүйтгэж, олон арван автомашиныг галдан шатаажээ. Le Figaro сонинд бичсэнээр баривчлагдсан 559 хүний 491-ийг нь Парис хотод үүссэн эмх замбараагүй байдлын үеэр баривчилж, 320 хүнийг саатуулах байранд хорьсон байна.
Францын Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр цагдаа нар болон эмх замбараагүй байдал үүсгэсэн хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид хооронд мөргөлдөөн үүсэж, багадаа 192 хүн тэдгээрийн дотор хууль сахиулах албаны 22 албан хаагч, 7 гал сөнөөгч гэмтжээ.
