
Украины Аюулгүй байдлын алба “Аалзны тор” нэртэй тусгай ажиллагааныхаа хүрээнд ОХУ-ын стратегийн сөнөөгч онгоцнуудын байрлах агаарын нисэх хүчний баазуудад дроны цохилт үзүүлжээ.
Украины Аюулгүй байдлын албаны мэдэгдэлд, “Украины Аюулгүй байдлын албаны “Аалзны тор” тусгай ажиллагааны үр дүнд ОХУ-ын агаарын нисэх хүчний баазуудад байрлаж байсан далавчит пуужин тээгч стратегийн сөнөөгч онгоцнуудын 34 хувийг устгаж, 7 тэрбум ам.долларын хохирол үзүүллээ” хэмээн бичжээ.
Өнгөрсөн ням гарагт ОХУ-ын Мурманская, Иркутская, Рязанская болон Ивановская мужууд дроны цохилтод өртсөн тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байсан юм. Украины хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнийг Украины Аюулгүй байдлын албаны тусгай ажиллагаа болохыг онцолж, Киев FPV-дронууд буюу алсын удирдлагатай дронуудаар ОХУ-ын агаарын нисэх хүчний “Дягилево”, “Оленья”, “Белая”, “Иваново” баазуудад цохилт үзүүлсэн тухай мэдээлсэн билээ.
Украины Аюулгүй байдлын алба дронуудаа тэдгээр баазуудаас холгүй байрлуулсан ачааны машинуудаас хөөргөжээ. Уг тусгай ажиллагааны үр дүнд Украины дронууд ОХУ-ын А-50, Ту-95, Ту-22 М3 зэрэг стратегийн сөнөөгч 41 онгоцыг устгасан байна. ОХУ-ын Батлан хамгаалахын яамны зүгээс дээрх агаарын нисэх хүчний баазууд цохилтод өртсөн болохыг хүлээн зөвшөөрсөн ч уг халдлагын үр дүнд их хэмжээний хохирол учраагүй, цэргийн албан хаагчид болон энгийн иргэд дунд амь үрэгдэж, шархадсан тохиолдлууд бүртгэгдээгүй хэмээн мэдэгджээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Украины Аюулгүй байдлын албаны тэргүүн Василий Малюктай уулзаж, “Аалзны тор” тусгай ажиллагааны тухай тайланг нь сонссон ба уг ажиллагааг украины арми 1 жил 6 сар 9 өдрийн турш төлөвлөсөн болохыг онцолжээ. Түүний хэлснээр уг ажиллагаа гарцаагүй түүхийн сурах бичгүүдэд тэмдэглэгдэн үлдэх аж. Ерөнхийлөгч В. Зеленский ард иргэддээ хандан хэлсэн үгэндээ тусгай ажиллагааны үеэр ашигласан 117 ширхэг FPV дроныг мөн ижил тооны хүмүүс алсаас удирдсан болохыг дурджээ.