
Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг өнгөрсөн Лхагва гаригт хэлэлцэн, дэмжээд УИХ-д өргөн барихаар тогтсон билээ.
Үүний дагуу өнөөдөр /2025.06.02/ 12:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг /“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/ хэлэлцэх гэж байна. Мөн үүний дараа 14:00 цагт УИХ-ын ээлжит бус нэгдсэн хуралдааны товыг зарлажээ.
Үндсэн хуулийн 44.1-д “Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ” 44.2. “Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэж тус тус заасан байдаг.
Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд:
- Ж.Бат-Эрдэнэ /ТББХ-ны дарга/ –МАН
- Д.Амарбаясгалан /УИХ-ын дарга/ –МАН
- С.Амарсайхан /Засгийн газрын гишүүн/ –МАН
- Б.Баярбаатар /УИХ-ын гишүүн/ –МАН
- Э.Болормаа /УИХ-ын гишүүн/ –МАН
- С.Бямбацогт /Засгийн газрын гишүүн/ –МАН
- С.Зулпхар /УИХ-ын гишүүн/ –МАН
- Л.Мөнхбаатар /МАН-ын бүлгийн дарга/ –МАН
- О.Номинчимэг /УИХ-ын гишүүн/ –МАН
- Л.Оюун-Эрдэнэ /Ерөнхий сайд/ –МАН
- Ц,Сандаг-Очир /УИХ-ын гишүүн/ –МАН
- Н.Учрал /Засгийн газрын гишүүн/ –МАН
- Л.Энх-Амгалан /Засгийн газрын гишүүн/ –МАН
- О.Алтангэрэл /Засгийн газрын гишүүн/ –АН
- Ж.Баярмаа /УИХ-ын гишүүн/ –АН
- Л.Гантөмөр /АН-ын дарга, Засгийн газрын гишүүн/ –АН
- Э.Одбаяр /Засгийн газрын гишүүн/ –АН
- Б.Пүрэвдорж /УИХ-ын гишүүн/ –АН
- Ц.Туваан /Засгийн газрын гишүүн/ –АН
- О.Цогтгэрэл /АН-ын бүлгийн дарга/ –АН
- Ө.Шижир /УИХ-ын гишүүн/ –АН
- Б.Батбаатар /УИХ-ын гишүүн/ –ИЗНН
- Т.Доржханд /ХҮН намын дарга, Засгийн газрын гишүүн/ –ХҮН нам
- Г.Уянгахишиг /УИХ-ын гишүүн/ –ХҮН нам
- Н.Номтойбаяр /УИХ-ын гишүүн/ –Үндэсний эвсэл
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд илгээсэн тогтоолын төсөлд;
Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1, 102.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
- “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” уриан доор хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Үндэсний баялгийн сан, хөгжлийн 14 мега төсөл, эрчим хучний салбарын реформ, бүсчилсэн хөгжил зэрэг томоохон зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлж, бодит үр дүнг бататгах, цаашид дэвшүүлсэн бодлого, зорилтоо хамтын хариуцлагын зарчимд тулгуурлан тогтвортой хэрэгжүүлэх шаардлагыг харгалзан хамтарсан Засгийн газрын бодлогыг дэмжиж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэхээ тогтсугай.
- Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй гэсэн байдаг.