Амьдралд зоригтой хүмүүс алддаг бас онодог. Батбямбын Саранцэцэг гэх шавилхан эмэгтэй биендээ багтамгүй их ачааг үүрэн зорьсон амьдралынхаа төлөө шаргуу хийгээд ухаалгаар хөдөлмөрлөсөөр байгаа нэгэн.
Урлагийн хүн болохыг мөрөөддөг байсан бяцхан нугараач охины амьдрал төсөөлсөн шиг нь өрнөсөнгүй. Түүнд урлаг, уран сайхнаас илүүтэй аливааг бусдад таниулж зарж борлуулах чадвар өндөр байв. Хашааны хаалгаа нээгээд “мах аваарай, сүү аваарай” гэж орилсоор хавь ойрын хүмүүстэйгээ товхийсэн наймаа хийчихдэг зургаан настныг авьяасгүй гэж хэн хэлэх билээ. Ийнхүү эхэлсэн тэдний гэр бүлийн бизнес хүнсний дэлгүүр болж цаашлаад найман нэрийн барааны дэлгүүр болж өргөжжээ. Дэлгүүрээр зогсохгүй ээжтэйгээ хамт урд хөршийг зорьж тэндээсээ хүүхдийн хувцас авч ирээд Нарантуул зах дээр зогсож худалдана. Түүний бага нас ийнхүү ажил хөдөлмөр, худалдаа наймаа дунд өнгөрчээ.

2009 оны намар жүжигчин эсвэл дуучин болно гэж мөрөөддөг байсан охин ХААИС-д Бүтээгдэхүүн чанар, ариун цэврийн үнэлгээ гэх тэс хөндлөн мэргэжлээр элсэн оржээ. Олон хүнтэй багаасаа харьцсан ч түүний бүрэг ичимхий зан хэвээр байв. Харин оюутны гуравдугаар курстээ гоо сайхны компанид худалдааны зөвлөхөөр ажиллаж эхэлсэн нь түүнийг өөрийгөө сайтар илэрхийлж сурахад тусалжээ.
Хэрхэн гурван хүүтэй өрх толгойлсон ээж болж үлдсэн тухайгаа хуваалцахдаа “Амьдралаа би өөрийнхөө гараар нураасан. Хэн нэгэн ирээд бусниулсан зүйл огт байхгүй. Өөрийнхөө бодлогогүй, мэдлэггүй, чадваргүй байдлаасаа болж алдсан” хэмээн буруутгаж байв. Тэрбээр тухайн үед юу болж, ямар зүйлийг туулсан талаараа ийнхүү дэлгэрэнгүй хүүрнэсэн юм.
-2019 онд би компаниа үүсгэн байгуулсан юм. Коронагийн дэгдэлт эхэлж байсан үе шүү дээ. Тэр үед би санамсаргүй байдлаар эсвэл өөрийнхөө итгэмтгий, зоригтой зангаасаа болсон ч байж мэднэ маш их хэмжээний өрөнд орчихсон юм. Нийт хагас тэрбум төгрөг. Үүнээсээ болж өрх толгойлсон ээж болсон гэж хэлж болно. Хоёр хүү минь жаахан түүн дээрээ том гэдэстэй нөхөртөө хаягдаад үлдэж байсан юм. Эхлээд хүн эвлэрч, үнэнтэйгээ нүүр тулж чаддаггүй юм билээ. Амьдралаас зугтмаар, газрын гаваар ормоор санагдаж байсан үе. Хулчийсандаа “Үхчихье энэ нь хамгийн амар зам юм байна” гээд цонхон дээр гараад зогсож байсан удаа бий. Үсэрье гээд тонгойх үед хүчтэй салхи нүүр лүү алгадаад авах шиг болсон. Тэр үед л толгойд “Би үхчихвэл тэр их өр миний хүүхдүүдэд, миний ээж аавд үлдэнэ шүү дээ. Чи ийм арчаагүй хувиа хичээсэн юм гэж үү? Үгүй шүү дээ Сараа. Чи чадна мөнгийг бол хүн олж болно. Өрийг бол хүн дарж чадна. Чамд боломж байгаа. Чи хийхгүй бол өөр хэн хийх юм” гэж зориглоод ухарсан. Тэр өдрөөс хойш өдөр болгон хохироосон хүмүүстэйгээ утсаар ярьж уйлахтай нь уйлж, уулзахтай нь уулзаж цахим хаягтаа мэдэгдэл хүртэл хийж байсан. “Би энэ өрийг дарна аа. Миний цаашаа дамжуулсан данс энэ байна. Энэ хэрэг шалгагдаж байгаа. Би энэ мөнгийг авч идээгүй ч би та бүхэнд мөнгийг чинь заавал өгнө. Надад хугацаа өгөөч” гээд үнэн учраа хэлээд цахим хаягтаа шууд дамжуулалт хийсэн. Хүмүүс үнэхээр тэвчээртэй хүнийг ойлгодог юм билээ. Тэгээд л надад итгэчихсэн байгаа хүмүүсийн итгэлийг алдаж болохгүй гэж өнөөдрийг хүртэл би өдөр шөнөгүй зүтгэсэн.

-Бага хүүгээ төрөн төртөл бараа бүтээгдэхүүнээ зарж өрөө чимх чимхээр дарсаар байсан. Төрөхдөө эмнэлэг рүү өөрөө машинаа барьж очоод, Эх нялхсын гадаа машинаа тавьчхаад дотогшоо орж үзүүлээд л төрнө гээд хэвтсэн. Маш хүнд төрж байсан. Эмнэлэгт гурав хоноод гарахдаа ч гэсэн ээж маань зорчигчийн суудал дээр хүүг минь тэвэрч суугаад би өөрөө машинаа жолоодоод л гэртээ харьж байсан. Хагас тэрбум төгрөгийн өр гэдэг нөхөрт минь дааж давшгүй санагдсан байх. Гэхдээ л төрсний минь дараа ядаж над дээр ирэх байх гэж харсан. Харамсалтай нь ирээгүй. Сүүлд ойлгож надаас уучлалт гуйж байсан ч уучлал оройтдог юм билээ.

-Хагас тэрбум төгрөг гэдэг 80,90 өрийн асуудал шүү дээ. Төрсний дараа маш их дарамт ирж байсан. Тиймээс хүүгээ хэдхэн хоног хөхүүлж байтал сүү маань юу ч үгүй ширгэчихсэн. Ингээд л гурван хүүгээ ээж аавдаа харуулаад өрөө нимгэлэхээр ажил руугаа дайраад орж байгаа юм. Дөрвөн жил өөртөө байгаа бүхнээ зарж, бараа бүтээгдэхүүнээ ч зарсаар тэр бүх хүний өрийг барагдуулж чадсан. Одоо шүүхэд хандсан хэрэг маань шийдвэрлэгдэх шатандаа явж байгаа. Миний тэдгээр хүмүүсээс мөнгөө авах учраа явж байгаа юм. Олон жил хөдөлмөрлөсөн мөнгө минь эргэж надад ирнэ гэдэгт итгэлтэй байгаа. Шүүхээр эцсийнх нь баримт гарч нотлогдох үед би нэр төрөө цэвэрлэнэ гэж боддог юм.

-2024 оноос эхлээд амьдрал минь маш гоё болж байгаа. Яагаад гэвэл би 2021 он, 2022 он, 2023 онд маш их тэмцэлтэй хэцүү үеүдийг өнгөрөөсөн шүү дээ. Өөртөө байгаа бүхнээ зарсаар эргэлтийн хөрөнгөгүй болж 2023 оны 11 сард би 250мянган төгрөгтэй Хятадын хилийг давж байлаа. “Хятадад очоод үйлдвэр олъё. Бүр болохгүй бол Хятадад очоод лайв ч болтугай хийе. Би лайв хийж чадна шүү дээ. Манай хуудас 80, 90 мянган дагагчтай болчихсон. Надад итгэж байгаа 100-аад борлуулагч нар байгаа” гэж өөрийгөө зоригжуулаад Хятадыг зорьсон. Нэг сар Гуанжуд амьдрах түрээсийн байрны төлбөр төлчхөнгүүтээ тэндээсээ байнга лайв хийгээд, брэнд сурталчлаад, захиалга аваад явуулдаг ажлыг нэг сар хийсэн. Яг тэр үедээ хөрөнгө оруулалт татаж чадсан юм. 2023 оны 12 сард 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт аваад бараатайгаа ирсэн. Ирээд 50 сая төгрөгийнх нь борлуулалтыг сарын дотор гаргаж өгсөн. Гэтэл дэмжсэн комдани маань урамшаад дахиад надад 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалт өгч хонгилийн үзүүрт нар тусах шиг болсон. Миний ярьсан бүтээгдэхүүнүүдийг манай хэрэглэгч нар надад итгэж авч хэрэглэдэг учраас би муу юм зарахгүй, муу юм хэрэглүүлж болохгүй гэдэг бодлоосоо үүдэн “Өөрийн нэрийн брэндтэй болох ёстой юм байна” гэсэн бодол орж ирсэн юм. Тиймээс өөрийн нэрийн SARA брэндээ үүсгэн байгуулсан. Маш их урамшсан үйл явдал болсон нь SARA брэндийн гарын салфетикан маск, хөлийн салфетикан маск, нүүрний салфетикан маск тус бүр хоёр мянган ширхэг ирээд гучин минутын дотор борлуулагдсан.

Хүмүүс Хятад брэнд юм уу гээд асуудаг юм. SARA брэнд бол яалт ч үгүй Монгол брэнд . Яагаад гэвэл оюуны өмчийн зөвшөөрөл, захиалагч нь Монгол хүн учраас. Дээрээс нь бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлүүлэхээр Хятадын дурын нэг үйлдвэрт хандаагүй. Солонгос, Япон, Америк руу гарч байгаа хамгийн сайн гэсэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж гаргадаг Хятадын 100 шилдэг үйлдвэрийн нэгт хандсан юм. Эзэмшиж байгаа патентууд маань ч бүтээгдэхүүн бүрийн савлагаа дээр бий. Швейцар, Герман, Энэтхэг, Испани, Малайз зэрэг улсуудаас орц найрлагууд, түүхий эдүүдээ татдаг.

Мөрөөдөл зорилго маань үнэхээр тодорхой байна. Би брэндээ анх гаргахдаа зөвхөн Монголдоо борлуулна гэж бодож байсан бол одоо манайх борлуулагч нараараа дамжаад Швед, Орос, Хятад, Солонгос гэсэн улсуудад борлуулагдаж байна. Одоо надад SARA брэндийг дэлхийн брэнд болгоно гэсэн маш том амбиц бий. Энэ брэнд бол зөвхөн бараа бүтээгдэхүүн биш. Энэ бүтээгдэхүүнүүдээр дамжуулаад маш их итгэл үнэмшил, тэвчээр, зориг тэр тусмаа хайрыг надад итгэсэн хүн бүрд мэдрүүлэхийг хүсэж байна.
Миний огт шантрахгүй байгаа, зогсохгүй байгаа шалтгаан бол миний гурван хүү. Гурван сайхан залуугийнхаа хүчээр, дэмээр хамтдаа илүү сайхан амьдралыг бүтээж цогцлооно л гэж зорьж яваа эгэл жирийн нэг ээж байна даа.