
Хүүхдийн өдөр буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 1925 онд Швейцарын Женев хотод болсон Хүүхдийг хамгаалах олон улсын чуулга уулзалтаар гаргасан тунхаглалын хүрээнд дэлхийн өнцөг булан бүрд өөр өөр өдрүүдэд тэмдэглэж иржээ.
Зарим орнууд Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 6-р сард, зарим нь 11-р сард, зарим бүр 5-р сард тэмдэглэдэг ч уг баярыг улс орнууд хүүхдийг хамгаалах, төрөлхийн болон хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжоор нь хангах ач холбогдлыг олон нийтэд таниулах гэсэн нэгэн зорилгоор тэмдэглэдэг билээ.
1925 оны Женев дахь чуулга уулзалтын үеэр хүүхдүүд хамгийн ихээр хүчирхийлэл, дарамт шахалтад өртөж, хүний наад захын эрхээр хангагддаггүй явдлыг онцолж, хүүхдүүдийн сул дорой, аймхай, гэнэн байдлыг ашиглан тэднийг дарамталж, хуурч мэхэлж, ёс зүйгүй, ёс суртахуунгүй үйлдэлд татан оролцуулж, ашиглах явдал олширч, олон сая хүүхэд хоол тэжээлийн хомсдолд орсон тухай онцолжээ. Уг чуулганы үр дүнд улс орнуудын удирдагчид хүүхдийн эрхийг хамгаалах нэгэн зорилго дор нэгдэж, дэлхийн 195 улс хүүхдийн эрхийг хүлээн зөвшөөрч, хуульчилсан байдаг аж.
Эдгээр хууль тогтоомж нь хүүхдийн
эрхийг хангах, хамгаалах, хүүхдийн эрүүл өсөж торних, сайн
сайхан амьдрах орчныг бүрдүүлэхэд чиглэгддэг юм.
Улс орнууд нэн түрүүнд хүүхдүүдэд боловсрол олгох, шим тэжээлтэй хоол хүнсээр хангах, хүний наймаанд өртөхөөс сэргийлэх, хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөгийг зогсоох санаачилгуудыг хэрэгжүүлж, зохих арга хэмжээнүүдийг авч эхэлжээ. Эдгээр санаачилгын үндсэн дээр улс орнууд жилийн нэг өдрийг хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр тунхаглажээ.
Манай улс Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 6-р сарын 1-нд тэмдэглэдэг билээ. Түүнчлэн хуучин Зөвлөлт холбооны улс орнууд, коммунист дэглэмтэй болон коммунист дэглэмтэй хэвээр байгаа улс орнууд Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 6-р сарын 1-нд тэмдэглэдэг юм. Өөр бусад улс орнууд НҮБ-ын Ерөнхий ассамблей Хүүхдийн эрхийн тунхаглалыг баталсан өдөр буюу 11-р сарын 20-нд хүүхдийн баярыг тэмдэглэдэг байна.
Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр нь зарим орнуудад бүх нийтийн амралтад тооцогддог учраас хүүхдүүд ээж аав, ойр дотнынхонтойгоо цагийг өнгөрүүлэх нь элбэг юм. Улс орнууд хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулж, музей, цэцэрлэгт хүрээлэнгүүд, тоглоомын төвүүд хүүхдүүдэд үнэгүй үйлчилдэг байна. Зарим улсад энэ өдөр хүүхдүүдийн эрхийн төлөө олон нийтийн жагсаал цуглаан болж, зарим орнуудад сургууль цэцэрлэгүүд хүүхдийн эрхийн талаар олон нийтэд таниулах үйл ажиллагаа явуулахаас гадна хүүхдүүдэд зориулсан хөгжөөнт тэмцээн уралдаан, концерт, үзэсгэлэн зэргийг зохион байгуулдаг байна.
https://www.google.com/url?sa=t&source=web&rct=j&opi=89978449&url=https://www.unicef.org/mongolia/media/6206/file/4.%2520%25D0%25A5%25D2%25AF%25D2%25AF%25D1%2585%25D0%25B4%25D0%25B8%25D0%25B9%25D0%25BD%2520%25D1%258D%25D1%2580%25D1%2585,%2520%25D1%2585%25D2%25AF%25D2%25AF%25D1%2585%25D1%258D%25D0%25B4%2520%25D1%2585%25D0%25B0%25D0%25BC%25D0%25B3%25D0%25B0%25D0%25B0%25D0%25BB%25D0%25B0%25D0%25BB.pdf.pdf&ved=2ahUKEwib8L2838-NAxVska8BHXvDKZ0QFnoECCMQAQ&usg=AOvVaw3zp8ezRwOR2m-Xr2FNNSyD