
Өнөө өглөө БНСУ-ын нийслэл Сөүл хотын метроны 5-р шугамаар Yeouinaru өртөөнөөс Mapo өртөөг чиглэн зорчиж байсан метронд 60 гаруй насны эр санаатайгаар гал тавьжээ.
Хэрэг явдал өглөө 8:45 цагийн үед гарсан ба цагдаа нар болон гал сөнөөгчдийн мэдээлснээр сэжигтэн хувцас болон өөр бусад эд зүйлс дээр шатамхай шингэн асгаж, асаагуураар гал тавьжээ.
Үүнээс болж зорчигчид олноороо метроны урд талын хэсэг рүү зугтаж, 400 орчим зорчигчид метроны зам руу гарахад хүрчээ.
Хэргийн газар луу гал сөнөөх 47 машин илгээсэн ч галыг тархахаас өмнө метро дотор байсан галын хороор унтрааж чаджээ.
Уг хэрэг явдлын улмаас ноцтой гэмтсэн хүн байхгүй ч галын утаат агаараар амьсгалсан 21 хүнийг ойролцоох эмнэлэг рүү хүргэжээ.
Цагдаа нар гал гарснаас хойш 40 минутын дараа сэжигтнийг Yeoiunaru өртөөнөөс баривчилсан ба түүнийг галдан шатаах хэрэгт буруутгаж байгаа аж.
БНСУ-ын эрх баригчид хэргийг шалгаж эхэлсэн тухай мөн ирээдүйд метронд ийм төрлийн хэрэг гарахаас сэргийлж метроны аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг дахин авч үзнэ гэдгийг мэдэгджээ.