
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Пенсильвани мужийн Питтсбург хотод дэмжигчидтэйгээ хийсэн уулзалтынхаа үеэр ирэх лхагва гарагаас ган болон хөнгөн цагааны гаалийн импортын татварыг 50 хувь хүртэл нэмэгдүүлэхээ зарлажээ.
Түүний хэлснээр энэхүү шийдвэр нь дотоодын гангийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлж, Хятадаас хараат байдлыг бууруулах аж.
Ерөнхийлөгч Д. Трамп Америкийн US Steel, Японы Nippon Steel компаниудын хамтын ажиллагааны үр дүнд гангийн салбарт 14 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ гэдгийг онцолжээ.
Түүнчлэн тэрээр уг салбарт ямар ч цомхотгол хийгдэхгүй, гаднаас ажиллах хүч авахгүй, гангийн салбарт ажиллаж буй америкийн иргэн бүр 5000 ам.долларын урамшуулал хүртэнэ гэжээ.
АНУ-Японы хэлэлцээрийн үр дүнд Японы тал Америкийн ажилчдын цалин хөлсийг зохицуулдаг үйлдвэрчний эвлэлийн гэрээтэй хэрхэн зохицож ажиллах нь америкчуудын анхаарлыг татаж байгаа аж.
Ерөнхийлөгч Д. Трамп 2018 онд гангийн импортын гаалийн татварыг 25 хувь болгон нэмэгдүүлснээр Питтсбург хотод байрлалтай Америкийн хамгийн том гангийн үйлдвэр болох US Steel компанийг аварсан хэмээн мэдэгдэж, гангийн импортын гаалийн татварыг 50 хувь болгосноор АНУ-ын гангийн салбарыг бүхэлд нь аварна гэжээ.
АНУ-ын гангийн үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд буурч, Энэтхэг, Хятад, Япон зэрэг улс гангийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэх болсон билээ. АНУ-ын үйлдвэрлэлд ашиглаж буй нийт гангийн 25 орчим хувь нь импортын ган бөгөөд АНУ Мексик болон Канадын гангийн импортоос хараат болсон нь Ерөнхийлөгч Д. Трампын бухимдлыг төрүүлсэн аж.
Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Д. Трамп 124 жилийн түүхтэй US Steel компанийг гадаадын компанийн эзэмшилд очихоос сэргийлнэ хэмээн амлаж байсан юм.
Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичсэнээр Япон улс US Steel компанид 14 сарын хугацаанд 14 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн ба Америкийн тал US Steel компанийн гол эзэмшигчээр үлдэж, захирлуудын зөвлөл болон удирдлагын багт АНУ-ын иргэдийг багтаана гэсэн нөхцөлүүдийг Японы тал зөвшөөрчээ.