
“Reuters” агентлагийн тооцоолсноор АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын эхлүүлсэн худалдааны дайны улмаас олон улсад компаниуд 33 тэрбум ам.долларын хохирол амссан байна. Тарифын тодорхойгүй байдал томоохон компаниудын удирдлагад шийдвэр гаргахад хүндрэл учруулж байгаа тул энэ алдагдлын тоо нэмэгдэх төлөвтэй.
Тус агентлаг компанийн мэдэгдэл, зохицуулалтын мэдэгдэл, хурал, хэвлэлд өгсөн мэдээллийг цуглуулж тооцоолол гаргасан байна. Ингэхдээ АНУ-ын “S&P 500” индексийн 31 компани, Европын “STOXX600” индексийн гурван компани, Японы “Nikkei 225” индексийн 21 компанийн мэдээллийг ашиглажээ.
“Apple”, “Ford”, “Porsche”, “Sony” зэрэг АНУ, Ази, Европ дахь компаниуд ашгийнхаа таамаглалыг бууруулж эсвэл цуцалсан байгаа. Дийлэнх компаниуд Трампын явуулж буй худалдааны эмх замбараагүй бодлогын улмаас зардлаа үнэн зөв тооцоолох боломжгүй болсон гэж мэдэгдэж буй.
Эдийн засагчдын үзэж буйгаар бизнесүүдэд учирч буй зардал нь компаниуд тайландаа мэдээлсэн хохирлоос хавьгүй өндөр байх юм. Йелийн менежментийн их сургуулийн профессор Жеффри Сонненфельд хэлэхдээ “Энэ тооцооллыг хоёр гурав дахин өсгөсөн ч алдагдлын жинхэнэ хэмжээ нь хүмүүсийн бодож буйгаас хамаагүй их байх болно” гэжээ.
Үүнээс үүсэх нөлөө нь илүү дор байж магадгүй гэдгийг тэр нэмж хэлсэн юм. Хэрэглэгчид болон бизнесүүдийн зарлага багасаж, инфляц нэмэгдэх магадлалтай гэж тэр хэлсэн байна.
Вашингтон, Бээжин саяхан худалдааны дайнаа хэсэг зогсоож, Европын холбоог тарифаар сүрдүүлж байснаасаа буцсан нь бизнесүүдэд амьсгалах зай гаргаж өгсөн ч тэдний эцсийн тохиролцоо ямар байх нь тодорхойгүй хэвээр. АНУ-ын худалдааны шүүх лхагва гарагт Трампын татварт хориг тавьсан. Бусад орнуудтай хийх худалдааны асуудлыг Конгресс шийддэг, ерөнхийлөгч тариф ногдуулсан нь эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэг гэж тус шүүх үзсэн юм.
Гэвч Трампын захиргаа давж заалдсан тул, тарифын асуудлыг авч үзэхийн тулд АНУ-ын давж заалдах шатны шүүх түр хугацаанд тарифыг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан.
Трамп хэлэхдээ тариф ногдуулах нь АНУ-ын худалдааны тэнцлийн алдагдлыг бууруулж, компаниуд Америк руу үйл ажиллагаагаа шилжүүлж, ажлын байр бүтээнэ гэж үзэж буй. Тариф мөн Мексик зэрэг орнуудаас АНУ руу орж ирж буй хууль бус цагаач, хар тамхины урсгалыг зогсооно гэж хэлжээ.