
Хацартаа уруулын будгийн толботой эмэгтэйчүүд зөрөн өнгөрнө. Бүгдэд нь инээмсэглэл хачин гоё зохихыг яана. Зам дагуух цэцгийн худалдаанаас ээждээ, эхнэртээ, дүүдээ, охиндоо цэцэг боолгон зогсох хүмүүс. Өнгө, өнгийн дээлээр гоёсон энэ олны дундаас нэгнээ олж уулзана гэдэг амаргүй бололтой дог. “Баяр хүргэе” гэх үгс чихний хажуугаар шунган өнгөрнө. “Монголын үрс маш олон болтугай” хэмээх сайхан ерөөлийн хүч олон сайхан хүмүүсийг өнөөдөр цуглуулжээ.
Төрдөө үнсүүлж, “Эхийн алдар” одонгоо энгэртээ гялалзуулсаар тэр төрийн ордны шатаар бууж ирж байна. Энэ бол Оюуны Ундрал. Хань Т.Гантулгатайгаа 2021 онд танилцаж, нэг гэрт орцгоожээ.
“Заяаны хань зам дээр юм билээ. Ханьтайгаа зам дээр л танилцсан даа” хэмээн ярих. Тэд дөрвөн хүүхэдтэй. Хамгийн том нь их сургуулийн нэгдүгээр курсийн оюутан. Харин бага нь хоёр настай. Бид уулздагийн учир гэвээс элэг бүтэн амьдрал хайрласан монголын ард түмэндээ баярлалаа гэдгээ тэдний гэр бүл илэрхийлье гэсэн юм.
Одоогоос яг жилийн өмнө 2024 оны нэг сард Цагаан хаданд том тэрэгний жолооч байсан нөхөр нь осолд орж, хүнд гэмтжээ. Биеийн байдал хүнд, онгоцоор тээвэрлэж л явах ёстой байж. Энэ хүнд цагт ОБЕГ онгоц гаргаж өгч, Гэмтлийн эмнэлэгт ирж, аврагджээ. Хэвлэлийн салбарын буян заяа, алтан гартай эмч нарт тэдний гэр бүл ийн талархал илэрхийлж байна.
О.Ундрал “Бид 10 насны зөрүүтэй. Ханилаад өнөр сайхан амьдарч байна. Нөхөр маань зургаан хүүхэдтэй болно гэж их ярьдаг. Хоёр хүүхэд өргөж авах уу гэж ярьж байсан ч үе бий. Нөхөр маань ээлжийн ажилтай, би бага хүүгээ хараад гэртээ байсан цаг. Халуун орон руу хамт аялцгаая, үнэ боломжийн газрууд судалж байгаарай гэж утасны цаанаас ярьж байсан нөхөр маань нэг өдөр утас цохисонгүй. Ажлынх нь найз залгаж, том тэрэгний дугуй дэлбэрч, манай хүнийг хүнд бэртсэн эмнэлэгт байгаа гэх мэдээ дуулгалаа.Би ч хүүгээ найздаа үлдээчхээд аав, ээжийгээ суулгаж аваад Өмнөговь руу давхисан. Замдаа “Чи надтай насаараа цуг хамт байна гэчхээд намайг орхиж явна гэж байхгүй шүү” гэж дотроо хэлээд л, уйлаад байсан. Духных нь яс цөмрөөд орчихсон, хавсарсан олон гэмтэлтэй хань минь ухаангүй эмнэлгийн орон дээр хэвтэж байсан. Монголчуудынхаа тусламж, халуун сэтгэлийн хандиваар бид ГССҮТ-д ирж, хэвтэн эмчлүүлж байгаад гарсан. Нөхөр маань таван сар ухаангүй хэвтсэний эцэст аз заяа биднийг түшиж боссон. Өнөөдөр одонгоо аваад гарч ирсэн чинь ёстой зүүд шиг л санагдаж байна. Жилийн өмнө сэтгэлээр унаж, амьдрал утгагүйд хүрсэн байсан болоод ч тэр юм уу. Намайг ханьтай минь хамт, үрсийг минь аавтай нь хамт үлдээсэн монголын ард түмэндээ баярлалаа.”
Т.Гантулга “Их хэцүү цагт минь дэргэдээс минь алхам ч холдоогүй эхнэртээ баярлалаа. Миний эхнэр бол надад бурхнаас өгсөн бэлэг. Цохилох зүрхийг минь өгсөн монголын ард түмэнд баярлалаа. Сайн сайхан, эрүүл саруул амьдарна аа.”
Тэд одоо Булган аймгийн Хялганат тосгонд амьдарч буй. Аз жаргал, эрүүл энхийг ерөөе.