
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Боловсролын салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хүүхэд бүрд суралцах тэгш боломжийг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаарх” мэдээллийг танилцууллаа.
Тэрээр “Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласан. Хүүхдийн хөгжил, тэгш хүртээмжтэй боловсрол, чанартай боловсролын үйлчилгээг бий болгоход үдийн хоолны үйлчилгээ чухал нөлөөтэй. 2024-2025 оны хичээлийн жилд 677.0 мянган хүүхдэд хоолны үйлчилгээ үзүүлсэн. Хэдийгээр сургууль, цэцэрлэгийн хоолны үйлчилгээг сайжруулах арга хэмжээг жил бүр авч байгаа ч одоо өгч буй хоол хүнс нь хүүхдийн бие бялдрын хөгжилд шаардагдах илчлэг, шим тэжээлийн түвшинд хараахан хүрэхгүй байна. 2024 онд цэцэрлэгийн хүүхдүүдэд шаардагдах илчлэг, шим тэжээлийн 76.0 хувийг хангасан хоолоор үйлчилсэн бол цаашид шаардлагатай илчлэг, шим тэжээл бүхий хоолоор үйлчлэхэд 2026 онд 122.6 тэрбум, 2027-2028 онд 529.5 тэрбум төгрөг тус тус шаардлагатай байна” гэдгийг онцлон хэлсэн.
Тийм ч учраас Шадар сайд С.Амарсайхан сургууль, цэцэрлэгийн хоолны чанар стандарт, илчлэг шим тэжээлийн хувь хэмжээг тодорхойлох шалгалтыг зохион байгуулах үүрэг чиглэлийг мэргэжлийн байгууллагуудад өгсөн. Шадар сайдын зүгээс сургууль, цэцэрлэгийн үдийн хоолны илчлэг, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын баталгааг онцгой анхаарах шаардлагатайг сануулсаар байгаа юм.