
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа цаг үеийн асуудлаар мэдээллээ.
Тэрээр, “Сануулж, хэлж ярихгүй бол сайн засаглал ч ялзардаг. Би энэ зарчмын дагуу өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн. Үндсэн хуулиар ямар ч хүн, үг, үзэл бодлоо бүрэн илэрхийлэх эрхтэй. Яг энэ эрхийнхээ хүрээнд засгийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж эхэлсэн. Үүний гороор харлуулалт, дайралт, гүтгэлгүүд сүүлийн арван сарын хугацаанд тасралтгүй явсан. Төсвийн үеэр данхар төсвөө багасгах шаардлага тавьж, тэмцэл өрнүүлсний үр дүнд зөв шийдвэр гаргахад нөлөө үзүүлсэн. Төсөв бага ч атугай буурсан. Тухайн үед намайг өвчтэй, мангар болгосон. Сүүлдээ үр хүүхэд рүү минь орсон. Тавдугаар сарын 28-ны орой манай гэр бүлийн хүнийг АТГ-аас дуудаж байцаалт авсан. Асуудалтай холбоотой өмгөөлөгч авъя гэсэн боловч, баримт ирүүлэх хугацаа чинь дууссан гэж уурсаж, манай нөхрийг дарамталсан байна. Өөрөөр хэлбэл хөрөнгө орлогоо нотлох боломж олгохгүй байна. Хоёр өдөр, ажлын цагаар дуудаад, амжихгүй байна гэхэд, хугацаа дууссан талаар хэлсэн.
Намайг 50 байр зарсан гэж гомдол гаргасан байна. Надад тийм түүх байхгүй. Намайг мөнгө угаасан гэж гүтгэсэн байна. Би тийм зүйл хийгээгүй. Би яагаад үгээ зоригтой хэлдэг гэхээр, авлига авч байгаагүй. Надад айх зүйл байхгүй. Тэглээ гээд гэр бүлийн гишүүдийг маань энэ байдлаар дарамталж, намайг дуугүй болгох гэж оролдож байна гэж ойлголоо. Намайг яаж ч айлгах гээд хэрэггүй ээ. Л.Оюун-Эрдэнэ сайд аа!!!” гэлээ.