“Miss World 2025″д Б.Эрдэнэсувд эх орноо төлөөлнө

Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгч нарт учирч буй хүндрэл, чирэгдлийг арилгах, давхардлыг бууруулах зорилгоор салбарын хяналт шалгалтын 2025 оны нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан хяналт шалгалтыг хамтарсан хэлбэрээр зохион байгуулах ажлын хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран 2025 оны 05 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хамтарсан хяналт шалгалт хийв.
Уул уурхайн салбарт гарч буй ослын шалтгааныг авч үзвэл, нийт ослын 60 орчим хувь нь уналт, нуралт, өргөх, зөөх тоног төхөөрөмжийн бүрэн бус ажиллагаанаас, 20 гаруй хувь нь хаалт, хамгаалалт хангалтгүйгээс, 20 хувь нь аюулгүй ажиллагааны арга барилд хангалтгүй суралцсан гэсэн хүчин зүйлээс хамаарч байна. Энэ нь ажил олгогчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хууль, дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрддөггүй, хаалт хамгаалалтыг хангалтгүй хийдэг, өргөх, зөөх механизмын бүрэн бүтэн байдлыг хянадаггүй, сургалтад хамрагдаагүй, мэргэжлийн бус хүн ажиллуулдаг, ажилтан ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг хэрэглэж заншаагүй, анхаарал болгоомжгүй, хэнэггүй, хайхрамжгүй байдлаар ажилдаа ханддаг зэрэг нь осол гарахад нөлөөлж байна.
Улсын хэмжээнд сүүлийн 5 жилд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын нийт 2,124 тохиолдол бүртгэгдсэнээс 2,093 (98.5%) нь үйлдвэрлэлийн осол, 32 (1.5%) нь хурц хордлого, 66 буюу 3.1% нь бүлэг осол, хордлого эзэлж байна. 2024 онд үйлдвэрлэлийн осол хурц хордлогод нийт 809 хүн өртсөний 127 нь уул уурхай, олборлолтын салбарын ажилтан бөгөөд нийт ослын 16.6% байна. Уул уурхай, олборлолтын салбарт гарсан үйлдвэрлэлийн ослын улмаас 13 хүн нас баржээ. Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбарын гол бүс нутгуудад хамаарах аймгуудад ослын тохиолдол хамгийн их бүртгэгдсэн бөгөөд Өмнөговь аймагт 115 хүн осолд өртсөн талаар Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж хэлсэн үгэндээ онцоллоо.
Мөн энэ үеэр ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад салбарын хууль тогтоомжийг сурталчлах, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын улсын ахлах байцаагч Э.Цэрэнчимэг “Цөмийн болон цацрагийн чиглэлээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн анхаарах асуудал”, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын ахлах шинжээч, улсын ахлах байцаагч Ш.Хонгорзул “Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилт”, “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх”, мөн яамны Салбарын хяналтын газрын ахлах мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Ч.Бүжинлхам “Хөдөлмөрийн эрүүл ахуй, мэргэжлээс шалтгаалах өвчин, урьдчилан сэргийлэх арга хэмжээ”, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газрын ахлах шинжээч, улсын ахлах байцаагч Б.Энхбат “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хэрэгжилт, анхаарах асуудал“, мөн яамны Салбарын хяналтын газрын шинжээч, улсын ахлах байцаагч Э.Уугантуяа “Химийн хорт болон аюултай бодис, аюултай хог хаягдлын ашиглалт, хамгаалалт, түүнд тавих хяналт” сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулж, аюултай хог хаягдал үүсгэгч хүчин зүйлийн талаар аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвлөгөө, мэдээлэл өгөв.




