
Манай хот гоё. Маш гоё. Шороо нүдэхээр аманд “шээс” амтагддаг. Энэ амтыг хаана ч мэдэрч чадахгүй. Энэхүү амтаараа Улаанбаатарт аялал жуулчлалыг татвал тун зүгээр санагдах юм. Дэлхийн цөөхөн хотод л ийм сайхан амтыг тун таашаалтайгаар мэдэрч чадна шүү дээ.
Ганц хоёрхон сарын өмнө Ishowspeed манай улсад ирж хүүхэд, нохой шуугиулаад буцсан. Мэдээж өнөөх амтыг мэдрээд, мэдээд буцсан гэдэгт итгэлтэй байна. Жинхэнэ “монгол бро”-гийн гудамж, талбайд ичгүүр сонжуургүйгээр “сарьсан” тэр шээсний амт уу. Ай мөн сайхан даа. Бидний энэ ухааныг төр засаг ашигладаг бол хэчнээн сайхан.
Одоо танд тун сайхан тоо баримтыг эш татан танилцуулъя. Улаанбаатар хотын хөрсний 88 хувь бохирдсон аж. Нийслэлийн хөрсний нянгийн бохирдлын судалгаа хийж, 76 цэгээс хөрсний дээж авч шинжлэхэд 88 хувьд нян, хөгц мөөгөнцөр илэрсэн бол гэр хороолол орчмын дээжийн 93 хувиас нь мөн нян, хөгц, мөөгөнцөр илэрчээ.
Энэ тоог 100 хувьд хүргэх хэрэгтэй. Тэгж гэмээ нь хөгжил цэцэглэлтийнхээ гараан дээр ирэхгүй гэж үү. Гараан дээрээ л гацчихаад байдаг.
НУСАН ГУЛГУУР ХИЙВЭЛ ЯМАР ВЭ?
Хамгийн үзэсгэлэнтэй тоглоомын талбай хаана байна вэ гэж асуу л даа. Асуусан гэж бодоод хариулъя л даа. Тун сайхан асуулт байна. Танд хариулах, хариулт ч бэлэн байна.
Хамгийн гоё хүүхдийн тоглоомын талбай Улаанбаатар хотод бий шүү дээ. Айлаас эрэхээр авдраа ух гэж мөн онож хэлж шүү. Ах эгч нар нь нус, цэрээ хүр хийтэл нийгээд л. Тамхи татаж шүлсээ шал хийтэл хаяад л. Гудамжаар алхахдаа тамхи баагиулаад л. Тийм эрх чөлөөт байдлыг хаанаас олж харах юм бэ. Хаанаас ч олж харахгүй.
Бас л саяхан даа саяхан манай улс 12 метр өргөнтэй, 18 метр урттай мөсөн гулгуураар 1 цагийн дотор 408 хүн гулгуулж дэлхийн геннисийн амжилт тогтоогоогүй юу. Одоо тэгвэл маш том “нусан гулгуур” хийж геннист бүртгүүлье. Бид чадна. Хийгээд байх ч юм байхгүй. Хүн бүхэн гудамжинд нийдэг нус цэрээ нэг газар төвлөрүүлэхэд л болчихно. Төр засгаас нэгдсэн нэг газар гаргаж өгөхөд л асуудал шийдэгдэнэ. Хүүхдүүдээ тоглуулаад геннистээ бүртгүүлээд нэг сумаар хоёр туулай буудаж болохоор байгаа биз.
Хүн шүлсээ хаях үед нян бактериуд есөн метр орчимд тархдаг байна. Өхөөрдөм сайхан юм. Шүлсээ хаячихдаг ч юм бил үү. Дургүй хүргэсэн нөхөрт дөхөж очоод есөн метр орчимд шүлсээ хаяж нусаа нийхэд нэлээд “хорломаатах” нь дээ. Бас л сайхан санаа байна. Хэрэгжүүлцгээе.
Шийдвэрийн хэрэгжилт алин хэдийн утаа болон замхарсан бөлгөө.
Өнөөдөр Улаанбаатар хотод амьдардаг хүүхдүүдийн дотор элдэв төрлийн өвчин байгаа нь ердөөсөө л өнөөх хөрсний бохирдол хувь хүн бүрийн ухамсрын “хатгаатай” холбоотой юм даг уу даа. Зөвхөн хүүхэд ч гэлтгүй олон томчуудын ханиад нь эдгэхгүй “хуцуулж” явсаар нохой болсон түүх бий.
ЭЦЭСТ ХУУЧИН ХҮҮ ШИНЭ ХҮҮ БОЛСОНГҮЙ. Д.НАЦАГДОРЖИЙГ “ДҮҮЖИЛ”
Аль 100 гаруй жилийн өмнө Д.Нацагдоржийн бичсэн “Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо босоо, элстэй шанд, буттай цайдмыг дагаж, хааяа нэг хар гэрээс утаа суунаглана…” хэмээн эхлэх өгүүллэгт “Тав хийтэл мориноосоо буун, тас хийтэл жолоогоо сойгоод тоосонд дарагдсан урд хормойгоороо наранд шарагдсан нүүрнийхээ хөлсийг арчиж, нусаа хүр хийтэл нийгээд гэрт оров” гэх Хуучин хүүгийн дүр өнөө цагт ч хэвээрээ.
Уг нь өгүүллэг дуусахдаа “Хуучин хүү Шинэ хүү болов” хэмээн дуусдаг л даа. Гэтэл тийм шинэ хүү болсон юм лав алга. Ийм худлаа юм ярьж бичсэн Д.Нацагдоржийг дүүжилбэл таарна.
Эцсийн эцэст энэ хотын цэвэр цэмцгэр байдал, нийтийн эрүүл мэндийн асуудал хувь хүн, иргэн бүрийн ухамсраас шалтгаалахгүй гэж үү. Зүгээр л бид өөрсдийн алхай, далхай байдлаа хэн нэгэн рүү чихэхгүй байвал болмоорсон доо.