
Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон Боловсролын яамнаас ЕБС-ийн хүүхэд багачуудын дунд 200 сая төгрөгийн шагналын сантай “Ирээдүйн Марадонна” нэртэй хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулахаар боллоо.
Энэхүү тэмцээнийг ирэх есдүгээр сарын 1-нд зохион байгуулах бөгөөд охид, хөвгүүдийн дөрвөн насны ангиллаар Монгол Улсын 330 сум, 21 аймаг, 3 хотын бүх ЕБС-ийг үндэсний хэмжээнд хамарч байгаагаараа онцлогтой юм.
Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Анандбазар энэ талаар, “Хүүхдийн бүх төрлийн тэмцээнээс хамгийн өндөр шагналын сантай буюу 200 сая төгрөгийн фондтой анхны тэмцээнийг ийнхүү энэ жил зохион байгуулахаар боллоо. Боловсролын яам Монголын Хөлбөмбөгийн Холбоотой хамтран ажиллаж, монголын хүүхдүүдийг, тэр дундаа багийн спортыг дэмжиж хамтран зохион байгуулахаар болсонд баяртай байна. Монголчууд бидний хувьд нүүдэлчин ёс заншилтай холбоотойгоор орхигдож ирсэн багийн спортыг орчин цагт хөгжүүлэх нь нэн шаардлагатай болсон. Ирээдүйд Монгол Улсыг удирдах залуучууд маань багаар тоглож сурвал, багийн менежментийг мэддэг, ойлгодог болж, бие биенээ дэмждэг чадварлаг нэгэн үеийн залуусыг бэлтгэж чадна гэдэж бодож байна. Хөлбөмбөг бол талбай дээр байгаа тоглогчид бүгд багаараа нэг хүн шиг нэгдэж, нэг хүн шиг сэтгэж, хамтарч байж амжилтад хүрдэг гайхамшигтай спорт юм” гэлээ.