
Өдөр тутамдаа банк, санхүүгийн үйлчилгээг цахимаар буюу компьютер, гар утас, бусад төхөөрөмжийн тусламжтай хэдийнэ авч хэвшсэн бол танд зайлшгүй мэдэх ёстой алтан дүрмүүд бий. Хувийн мэдээллийн аюулгүй байдлаа хэрхэн хангах талаарх дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.
Интернэт банкны аюулгүй байдлын зөвлөмж:
- Та өөрийн хувийн мэдээллээ бусадтай бүү хуваалцаарай. Зайлшгүй ямар нэгэн байдлаар бусадтай хуваалцах шаардлага гарсан тохиолдолд тэрхүү мэдээллийг ямар зорилгоор, хэрхэн ашиглах болон мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах эсэхийг сайтар нягтлах нь зүйтэй.
- Нэвтрэх нэр, нууц үгийг вэб хөтөч дээрээ хадгалахгүй байх;
- И-мэйл болон сошиал суваг ашиглахдаа дан ганц нууц үгээр хамгаалаад зогсохгүй хоёр давхар танин баталгаажуулалтыг (2FA) идэвхжүүлэн, ашиглаж хэвших;
- Өөрийн ашигладаггүй төхөөрөмжөөс нэвтэрсэн тохиолдолд “Гарах” товчийг дарж гарч хэвших буюу тухайн төхөөрөмжийг хадгалж, бүртгэхгүй байх.
- Интернэт кафе болон олон нийтийн үйлчилгээний газрын найдвартай бус компьютер, Wi-Fi ашиглан интернэт банкандаа нэвтрэхгүй байх, нэвтэрсэн тохиолдолд заавал “Гарах” товчийг дарж гарч хэвших.
- Аливаа гүйлгээ хийхээсээ өмнө хүлээн авагчийн нэр, дансны дугаар болон бусад холбогдох мэдээллийг зөв бичсэн эсэхээ нягтлах.
- Интернэт банк руугаа нэвтэрсэн болон нэвтрэх боломжтой төхөөрөмжөө тогтмол нягтлах.
- Интернэт банкны хуулгаар илгээсэн, хүлээн авсан гүйлгээгээ тогтмол шалгаж хэвших.
Hууц үгийн аюулгүй байдал:
- Нууц үг үүсгэхдээ таахад хэцүү, өвөрмөц үг хэрэглэх болон нэг нууц үгийг олон бүртгэлд /и-мэйл, cошиал аккаунт, худалдааны сайт гэх мэт/ давтан ашиглахгүй байх нь аюулгүй байдлаа хамгаалахад чухал ач холбогдолтой.
- Нууц үгийг үүсгэхдээ том, жижиг үсэг, тоо, тусгай тэмдэгтүүдийг агуулсан байхад анхаарч, өөрийн нэр, төрсөн огноо эсвэл утасны дугаар зэрэг амархан таах мэдээллийг ашиглахаас зайлсхийн, нууц үгээ тогтмол хугацаанд сольж хэвших нь мөн чухал юм.
- Нууц үгээ бичиж, тэмдэглэж хадгалахаас зайлсхийх хэрэгтэй бөгөөд нууц үгээ хэнтэй ч хуваалцахгүй, дамжуулахгүй байх.
- Цахим орчинд ашиглагдаж буй аливаа сэжигтэй вэбсайт болон линк дээр нууц үгээ оруулахаас зайлсхийгээрэй.
- Гар утас болон и-мэйлээр хүлээн авч буй нэг удаагийн баталгаажуулах кодыг бусдад дамжуулахгүй байх.
Төхөөрөмжийн аюулгүй байдал:
- Интернэт банканд тогтмол хандах төхөөрөмжөө баталгаажуулж, нэвтэрсэн төхөөрөмжийн жагсаалтаас хандалтын төхөөрөмжийн бүртгэлээ тогтмол хянах, шаардлагагүй төхөөрөмжийн бүртгэлийг хасах зэрэг зөвшөөрөлгүй хандалтуудаас сэргийлээрэй!
- Ашиглаж буй ухаалаг төхөөрөмжийн үйлдлийн систем, программ хангамж болон цахим банкны аппликэйшний сүүлийн хувилбарыг суулгаж, тогтмол сайжруулалтыг хийж хэвшээрэй!
- Антивирус болон аюулгүй байдлын программ хангамжуудыг суулгаж хэвших нь ухаалаг төхөөрөмжийг вирус, хортой код, фишингээс хамгаалах давуу талтай.
- Интернэт банк ашиглан гүйлгээ хийхдээ вэбсайтын URL болон https:// гэсэн SSL нууцлалын сертификатаар хамгаалагдсан зөв вэбсайт руу хандаж буй эсэхээ нягтлах;
- Ухаалаг утасныхаа аюулгүй байдлын тохиргоог өөрчлөхгүй байх. Ухаалаг утас болон төхөөрөмжийг Jailbreak эсвэл Root /үйлдвэрийн тохиргоог эвдлэх/ хийхгүй байхад анхаараарай!
- Аппликэйшн суулгахдаа ямар зөвшөөрөл шаардаж байгааг нягталж шалгах, хувийн нууцлалтай мэдээлэлдээ нэвтрэх эрх олгож байгаа эсэхийг анхаарах албан ёсны аппликэйшн ашиглаж хэвшээрэй!
- Шаардлагагүй үед Bluetooth холболтыг унтраах. Bluetooth асаалттай байснаар гар утас, ухаалаг төхөөрөмжийн зарим функцүүдэд зайнаас хандах, халдах, удирдах эрсдэл үүсдэг.
Банк харилцагчдынхаа мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн олон улсын стандарт, шаардлагуудыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажилладаг. Мөн технологийн шинэ шийдэл, арга барилыг цаг алдалгүй үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, тогтмол сайжруулалт хийдэг бөгөөд үүнд харилцагч таны оролцоо чухал үүрэгтэй байдаг.
Та бүхэн дээрх зөвлөмжүүдийг хэрэгжүүлэн мэдээллийн аюулгүй байдлаа сайжруулан, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй!