
Төмс хүнсний ногоо тариалагч “Орхон түшиг ургац” ХХК энэ жил 300 га-д хүнсний ногоо тариалж байна.
Тус компани зарим нэрийн нарийн ногоог үрсэлгээний аргаар тарьж эрт ургац авах зорилго тавьжээ.
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тариалангийн бүс нутагт ажиллах үеэр хүнсний ногоочидтой уулзаж тэдний санал хүсэлтийг сонсож, холбогдох дэмжлэг, урамшууллын талаар ярилцав.
Б.Хадбаатар захиралтай “Орхон түшиг ургац” ХХК 10 га-д тарвас тарихаас 6га-д нь эрт ургац авах төвөвлөгөөтэй ажиллаж байна. Ингэхдээ үрсэлгээг хүлэмжинд хийж талбайд шилжүүлэн тарьснаар долоодугаар сарын 15-наас эхлэн эрт ургацын тарвас худалдаанд гарна.
Мөн төмс, лууван манжин зэрэг хүнсний ногоог хийн үрлэгчээр тарих технологийг ашиглаж тариалалтаа явуулж байгаа аж.
Ингэснээр дээрх ногоонуудыг намар комбайнаар хураах боломж бүрдэнэ.
Энэ нь намар ургац хураалтын үеэр үүсдэг хүний нөөцийн асуудлыг шийдэж хураалтын үеийн зардлыг бууруулан, ногооны нэмүү өртгийн зардлыг бууруулснаар хэрэглэгчид хямд өртөгтэй ногоо хэрэглэх боломж бий болно гэв.
Б.Хадбаатар ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнтэй уулзах үеэрээ ногоочдод тулгамдаж буй асуудлаар санал хүсэлтээ илэрхийлэв.
Хүнсний хувьсгал хөдөлгөөний хүрээнд сүүлийн 3 жилд хүнсний ногоонд олгож буй урамшуулал нь ногоочдын урам зоригийг нэмж хүнсний ногоо тариалалт эрс өссөнөөр зарим нэр төрлийн ногоогоор дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах боломж бүрдсэнийг онцоллоо гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.