
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаглал, бэлгэнд өгсөн брэндийн цүнх, алмазан бөгж, өндөр өртөгтэй гэрлэх санал нь Монгол Улсын Засгийн газрын бүтэц, Ерөнхий сайдыг огцруулах асуудал руу халтиран орсон. Үүний цаана олон улс төр өрнөж буй бөгөөд энэ бүхнээс хохирч үлдэгсэд нь та, би, нийгэм, эдийн засаг билээ.
Монгол Улс Ардчилсан тогтолцоот, парламентын засаглалтай улс болсон 1990-ээд оноос хойш 15 Ерөнхий сайдын нүүрийг үзжээ. Тэдний нэг 1999-2000 оны хооронд Засгийн газрын тэргүүний албыг хашиж байсан, Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд Р.Амаржаргалтай өнөөдрийн улс төрийн асуудлаар товч ярилцлаа.
Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрд өрнөж буй үйл явцыг та хэрхэн дүгнэх вэ? Улс төрийн нөхцөл байдлын нөлөө, иргэдийн хандлага талаас нь хэрхэн тайлбарлах вэ?
– Улс төрд итгэх итгэл Монгол Улс даяар байхгүй болчихлоо. Үнэхээр дагаад, дэмжээд, туслаад явъя, энэ хүн зөв зүйл ярьж байна гээд дагачихаар улс төрийн лидер огт харагдахгүй байна.
Ард иргэд явж буй замаа буруу яваад байна гэсэн дүгнэлт хийж байгаа.Ардчилал бол зөв, маш үнэтэй үнэт зүйлс гарцаагүй мөн гэж байгаа боловч үүнийг хэрэгжүүлж байгаа байдлыг нь харахаараа бүтэлтэй зүйл бага байна гэж хэлдэг.
“Бид буруу замаар явж байна” гэж дүгнэж байгаа ард иргэдийн тоо судалгаагаар жилээс жилд нэмэгдэж байна. Хоёр, гуравхан жилийн өмнө 40 гаруй хувьтай байсан бол өнөөдөр 60% нь бид нар буруу замаар яваад байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн байна.
Дараагийн санаа зовоож байгаа асуудал бол төрийн институтүүдэд итгэх итгэл байхгүй болчихлоо. Уг нь Ерөнхийлөгчдөө, Улсын Их хуралдаа, Ерөнхий сайддаа, Засгийн газар, Шүүхдээ итгэх ёстой. Эдгээр нь шударгаар ажиллах ёстой.
Тэгэхлээр төрийн институтүүд ард олныхоо итгэлийг дааж чадахгүй байхаар улс орон яаж хөгжиж, урагшлах вэ дээ. “Шуудайнд хийсэн эвэр” шиг л байна. Өөрийнхөө санал бодлыг чөлөөтэй илэрхийлье гэдгээсээ айж, хянадаг болчихсон.
Санал бодлоо чөлөөтэй илэрхийлчихье гэхээр л шууд юм уу тойруу замаар боомилоод янз, янзаар оролдоод байдаг. Ингэхээр чинь хүн олон юм яриад яах вэ дээ л чимээгүй байж байя гэсэн бодолтой болчихдог.
Хүн болгоны итгэл байхгүй болчихоор нийгэмурагшаагаа явахгүй. Цаашлаад эдийн засгийн асуудлууд, үнэ ханш нь замбараагаа алдчихсан, цалин, хөлс буурчихсан гээд найдах ч юм байхгүй болчихоод байж байх жишээтэй.
Түгжрэл, утаа, авлигын асуудал байгаа нь үнэхээр ард иргэдийг цөхрүүлж байна. Энэ бүхний бодит илрэл нь “Монголд байгаад хэрэг байна уу даа” гэж ард иргэд олноороо бодож шийдэж байна.
Судалгаанаас харахад Та гадагшаагаа явах уу гэж асуухад 60% явна, гадаад очиж гэж байна шүү дээ.
Тэдний дундаас хамгийн харамсалтай нь 19-45 насны залуучуудын 73% гадагшаа явах хүсэлтэй байна.
Энд боломж алга, найдвар алга, горьдлого алга гэж ярьж байна. Энэ бүхэн л таны асуусан өнөөгийн Монголын нийгэм, эдийн засаг, улс төрийн байдал.
Өмнө нь ч ийм л байдал үргэлжилж байсан. Үүнийг засах гэж парламентын гишүүдийн тоог нэмсэн шүү дээ? үр дүн, ахиц байна уу?
– Тийм шүү дээ. Өмнө нь 76 байгаа нь цөөдөөд байна гээд 126 болгосон. 126 болгоод УИХ-ын ирц бүрдэж байгаа нь хаана байгаа юм, та нар хар л даа.
126 гишүүнтэй болчихоод хуралдахаараа 20 хүнтэй л сууж байна шүү дээ. Ямар чанарын өөрчлөлт гарсан юм бэ? эргэлзээтэй байна.
Хамтарсан Засгийн газраас Ардчилсан намыг гаргах эсэх асуудал яригдаж байна. Ардчилсан нам Засгаас гарвал сөрөг хүчний үүргээ нүйцэтгэх боломжтой болно гэж харж байна уу?
– Гүйцэтгээсэй гэж хүсэж байна, мөрөөдөж байна. Одоо нэг тийм бололцоо гарч ирэх байх гэж бодож байна. Анхнаасаа нийгмийн захиалга тийм л байсан шүү дээ.
Танд баярлалаа.