
Эдийн засгийн шинжээч Сүхбаатарын Өнөртэй ярилцлаа.
-ТОМ НАМ ДООД ТАЛЫНХАА ХОЁР НАМЫГ ЗАЛГИСАН НЬ БУРУУ-
-Залуус Ерөнхий сайдыг орлогоо нотлоод, огцрохыг шаардаад жагссан. Ерөнхий сайдыг огцруулъя гэх залуусын санаачилгыг дэмжиж АН, ХҮН намын гишүүд талбай дээр гараад гарын үсэг зурсан нь, Ерөнхий сайдын сандлыг доош нь буулгах хуулийн төсөл оруулж ирж байгаа нь МАН-ынхны эгдүүцлийг төрүүлээд Засгийн газраасаа хөөх дээрээ тулчхав уу. Та энэ улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна?
-Ер нь аливаа зүйлд нэг суурь, оч хаях шалтгаан гэж байдаг. Бэрийнх нь цүнх бол мөсөн уулын орой дээр харагдаж байгаа хэсэг. Доошоо маш олон бугшсан асуудал байгаа.
Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд ил гарч ирсэнгүй. Хүмүүсийг дарамтлахыг нь дарамтална, найрахыг нь найрна, гуйхыг нь гуйна, юм амлахад нь амлана. Ийм л улс төр явж байгаа байх. Ил гарч ирээд иргэдийнхээ итгэлийг өөд нь татах үг хэлсэнгүй. Хоёрдугаарт, МАН-ын Бага хурлын шийдвэр гэж нэг юм яриад байгаа ч тэр хурлынх нь тогтоол гэж юм ч гэсэн бидэнд харагдахгүй байна. Өнөөдөр Монгол Улс яг ийм байдалд орчхоод, энэ байдал бүр ужгирчээ. Хэнбугай нь ч яг албан ёсныхоо сувгаар мэдээллээ хүргэхээ больж. Н.Алтанхуяг гуай их сайн жишгийг үлгэрлэж билээ. Долоо хоног бүр сэтгүүлч нартай нээлттэй уулздаг байсан. Одоогийн Ерөнхий сайд ямар хаалттайгаар энэ улс орныг удирдаж байна вэ. Би буруу санаагүй бол ард түмнийхээ өмнө нэг л удаа гарч ирсэн. “Ажлаа хий” гэдэг жагсаал дээр гарч ирээд “Би амлаж байна аа” гэж хэлээд ордон руугаа буцаад орсон.
Ерөнхий сайд ядаж УИХ-ынхаа өмнө гарч ирэх хэрэгтэй шүү дээ. Хэрвээ гарч ирэхгүй бол УИХ бүр дуудах ёстой. Ард түмнээсээ ичээд байгаа юм бол УИХ-ын өмнө гарч ирээд, хэлэх ёстой юмыг хэлээд, асуудал байгаа бол “би бууж байгаад шалгуулъя” гээд хэлчих хэмжээний зориг зүрхтэй байх хэрэгтэй. Орлогоо нотолсон бол үзүүлэх хэрэгтэй.
-Бэрийнхээ цүнхний асуудлаас биш Хамтарсан Засгийн газар маань гэрээгээ зөрчсөн учир би явах гэж байна гэсэн дүр төрхийг хүмүүст харуулж, ойлгуулах гэж л МАН-ын Бага хурлыг хийх шиг боллоо. Та тэр процессыг юу гэж харсан бэ?
-Улс төрийн нөхцөл байдал их эвгүй болонгуут нөхөд дараагийн нүүдлээ хийсэн хэрэг. МАН дотор ч гэсэн тодорхой хэмжээний эрх ашигтай хүмүүс байгаа шүү дээ. Тэрийг үгүйсгэхгүй. Эвслийн засгийн газарт байгаа өөр намын сайд нар алга болчихвол тэр суурин дээр очоод суучихъя гэдэг бодолтой хүмүүс бол бий. Энэ чинь улс төр.
-Энэ хамтарсан Засгийн газрыг талаарх таны бодол?
-Энэ эвсэл анхнаасаа онолын хувьд боломжгүй, стандарт бус гэдэг нь харагдаж байна шүү дээ. 10 сар болоод л шууд хагарал үүсэж байна. Аль хэдий нь олонх болчихсон нам доод талынхаа олонх болчихсон намыг залгиад, бүр нэг нам ч залгихгүй, хоёр нам залгиад, эвсэл байгуулах бол улс төрийн онол талаасаа ч зохимжгүй. Дэлхий дээр үүнийг их эвсэл гэж хэлдэг. Том нам, жижиг намаа залгисан ийм тохиолдол асар ховор. За, яах вэ дайн дажин гарчихсан, зэвсэгт мөргөлдөөн гарчихсан байгаа тохиолдолд их эвслийн Засгийн газрыг байгуулдаг. Манай улсад дайн дажин, нийтийг хамарсан үймээн самуун байна уу. Байхгүй л байна шүү дээ. Яах вэ олон улсын геополитикийн нөхцөлөөс болоод бид тодорхой хүнд үеийг даван туулж байгаа нь үнэн. Гэхдээ тэр нь ингэж их эвсэл байгуулах хэмжээний нөхцөл байдал биш л дээ. Энэ гурван нам ийм, ийм том төсөл хөдөлгөнө гэж яриад байгаа нь зүгээр л нэг өнгөлөн далдлалт. Монголын ард түмэнд юу болоод байгааг нь сэхээрэх завдалгүй өгөлгүйгээр зун амарч явахад нь хамтарчихсан. Ер нь эд нар чинь сонгуульд орохоосоо өмнө хамтрах тохироогоо хийчихсэн байсан юм биш үү гэх хардлага ч төрснийг нуух юу. Гурван намын дарга нар хуйвалдчихсан байсан ч юм шиг л асар хурдан зохион байгуулалтад орсон.
Хамтарсан Засгийн газрын ажил онцгой сайн байсан, онцгой муу байсныг ярихгүй. Юмс бахь байдгаараа л явж байсан. Хамтраагүй байсан ч явах л байсан. Гагцхүү гол асуудал нь тэр хамтралын үр дүнд явж байгаа 14 мега төсөл. Энэ 14 мега төсөл гэдэг санаа хэзээ гараад ирэв. Сонгуулийн мөрийн хөтөлбөрийн үеэр ямар нэгэн мега төсөл ярьж байсан нам байгаа юу. Бидэнд хэн нь ч тийм юм амлаагүй шүү дээ. Тэгснээ гэнэтхэн гурвуул нийлж, бид мега төсөл хэрэгжүүлнэ гээд гараад ирсэн. Хоёрдугаарт, тэр мега төслүүдийнх нь судалгаа, үндэслэл нь байгаа юм уу. Байгаа бол Ерөнхий сайд “Бид ийм юмнуудыг хөдөлгөж байна аа. Энэ бол ийм ийм ач холбогдолтой” гээд ил тод яръя л даа. Тэгэхгүй манай Ерөнхий сайд хэвлэл мэдээллийн өмнө нээлттэйгээр гарч ирдэггүй, асар хаалттай байх юм. Дандаа кнопынхоо ард сууж байдаг, нэг бол хүнээр юм яриулдаг. Асар тодорхой бус хүн юм. Энэ бол ардчилсан улс оронд буруу дадал. Ерөнхий сайд өөрөө гарч ирж яриад, хүмүүсийн итгэлийг олж авах хэрэгтэй. Наанадаж УИХ-ын итгэлийг цаашлаад нийт ард түмнийхээ итгэлийг олж авах хэрэгтэй.
-ОДОО БУУЖ ӨГӨХ ЮМ БОЛ МАГАДГҮЙ ХОЙД СОЛОНГОС БОЛЧИХ БАЙХ-
-Ерөнхий сайд УИХ руу “Зөвхөн Засгийн газрынхаа бүтцэд л өөрчлөлт оруулъя, өөрөө үлдэнэ ээ” гээд ороод ирвэл цаашаа ер нь нөхцөл байдал яаж өрнөх бол?
-Жагсагчид бол үргэлжлүүлээд л огцор гээд л явах байх. Гэхдээ Ерөнхий сайд өөрөө “өргөдлөө өгнө” гээд Бага хурал дээр хэлчихсэн юм билээ шүү дээ. “Амлаж байна аа”, “Өргөдлөө өгнө”, “Удахгүй зарлана” гээд их олон гоё үг хэлдэг. Гэхдээ шулуухан хэлэхэд худалч шүү дээ. Магад “Надад итгэл үзүүлээч” гээд ороод ирвэл, УИХ-ын гишүүдийн олонх түүнийг нь дэмжчих юм бол нөхцөл байдал нэлээн хурцадмал шинжтэй л болно.
-Хурцадна гэдэг нь?
-Залуучууд бууж өгөхгүй шүү дээ. Дахиад л огцор гээд л зогсоно. Хэрэв УИХ Ерөнхий сайдад итгэл үзүүлчих юм бол УИХ ард түмнийг төлөөлж чадаж байна уу гэдэг асуулттай нүүр тулна. Парламентыг ямар нэгэн байдлаар найрч, “хүчирхийлж”, айлгаж байгаад өөрийгөө аваад үлдчих юм бол хүмүүсийн уур амьсгал, жагсаал УИХ руу эргэнэ. Энэ дээр хамгийн их тоглолт хийж магадгүй хүн бол Ерөнхийлөгчийн институт. Үнэхээр Л.Оюун-Эрдэнэ парламентын засаглалдаа хайртай, парламентын засаглалаа авч үлдмээр байгаа бол маш хурдан огцрох хэрэгтэй.
-Талбай дээр хэд, хэдэн жагсаал боллоо. Яг органик жагсаалууд мөн юм шиг санагдаж байна уу?
-”Ухаа худагаа авъя” гэдэг жагсаал нэг өдөр хүчтэй гарч ирээд МАН-ын Бага хурлын дараа алга болчихсон. Хэрвээ Ухаа худагаа авмаар байсан бол тууштай зогсох байсан. “УИХ тар” гэдэг жагсаал бол шинэхэн жагсаал. Эхний өдрөө хоорондоо зодолдоод тарчихсан гээд байгаа юм. Нэгдүгээрт, УИХ-ыг яагаад тараах гээд байгаа нь тодорхойгүй жагсаал. Магадгүй “Огцрох амархан” жагсаалын эрчийг сулруулах зорилготой жагсаал байж болзошгүй. Харин “Огцрох амархан” жагсаалынхан бол өөрсдийнхөө зорилго чиглэлийг хэлээд, суулт маягтай үргэлжлээд явж байна. Хоёрдугаарт энэ жагсаалыг удирдаж байгаа хүмүүс нь тодорхой, зорилгоо ч тодорхой хэлээд яваа.
Одоо залуус буугаад өгчих юм бол бид Хойд Солонгос болчих байх. Ахиж ийм зоригтой жагсаал гарах уу, үгүй юу гэдэг асуудал яригдана шүү дээ. Өмнө нь хэд хэдэн удаа жагсаал болсон. Дандаа булаалгасан шүү дээ. Энэ удаагийн жагсаал “Ажлаа хий” биш яг зарчим шаардаж байна шүү дээ. Энэ жагсаалыг ямар нэгэн байдлаар хүчээр тараагаад эсвэл энэ жагсаалыг удирдаж байгаа хүмүүсийг мохоочих юм дахиж жагсаж, цуглахад ер нь их төвөгтэй байдалд орно. Бид ардчиллаасаа дахиад л нэг алхам ухарна. Одоо бид чинь автократ засаглалтай улс болчхоод буй шүү дээ.
-Бид яагаад автократ засаглалтай улс болчхов?
-Гэм хор нь эвслийн газар. Хэрвээ АН анхнаасаа сөрөг хүчнээ хийгээд сууж байсан бол өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн ингэж азаргалахгүй. Дэгтэй, арай хяналттай ажиллах байсан. ХҮН нам бол дүүрчээ, дүүрч. Угаасаа наймхан суудалтай. Хамгийн гол нь АН энэ түүхэн момент дээр Засгийн газрын гадна үлдэх байсан юм. АН-ынхан одоо юу ч болсон Засгаас гарна гэж байна. АН-ынханд баяр хүргэе. Та нар Монголын ардчиллыг ахиад нэг удаа аварлаа. Ер нь нарийндаа яривал одоо байгуулагдах Засгийн газар нь эвсэл биш л бол жагсаал хийж буй залуус нэг хожлоо авчихлаа гэсэн үг.
-МУУ Ч, САЙН Ч АН ДОТРОО АРДЧИЛАЛТАЙ БАЙНА-
-МАН-ын бужигнаан АН-ын даргыг ажилгүй болгочихлоо. Харин ХҮН намын дарга хариуцлага хүлээнэ гэж юу ч ярьсангүй…
-Муу ч, сайн ч АН дотроо ардчилалтай байгаад байна. ХҮН намын тухайд шулуухан хэлэхэд МАН-ын A copy. Дотоод ардчилалгүй байна. Намынх нь дарга Т.Доржханд тийм ч амар явахгүй л байх. Ерөнхий сайд улс дотроо автократ бол магадгүй Т.Доржханд нам дотроо автократ болчихсон.
-АН-ын дарга хэн байх вэ гэдэг асуудал бас сөхөгдөж байна. Дараагийн ер нь АН-ын дарга таныхаар хэн байх бол?
-Би шулуухан хэлье. Намуудад аженда гэж юм алга. Нам яг яах гээд байгаа юм, яах ёстой юм, намын зарчим гэж юу юм. Манайхан бол намд ороод юу хийдэг вэ гэхээр эрх барьчих юм бол бялуу хуваана гэдэг зарчимтай л яваад байна.
АН-ын хувьд бол үзэл баримтлал гэдэг юмаараа ер зангидагддаггүй сонин нам. Байнга л динамик өөрчлөлтөд орж байдаг. Тамганы асуудлаа дуусгаад, Л.Гантөмөр намын дарга болсон нь АН-ын хувьд бол маш том амжилт. Ямар ч байсан энэ намыг нэгтгээд, УИХ-ын сонгуульд хоёр дахь том суудал авсан нам болгосон нь энэ хүний АН-д оруулсан түүхэн гавьяа. Тэр их үймээнийг, хагарлыг зогсоолоо. Дараагийн намын дарга нь ч гэсэн энэ үзэл баримтлал дээрээ зарчим дээрээ хүмүүсээ зангидах хэрэгтэй. Нэг их хурц хүн байж болохгүй. Их эвтэйхэн зангидаад явчих юм бол энэ намд тодорхой хэмжээний потенциал байгаа л гэж хардаг. Гол нь үзэл санаан дээрээ нэгдэх хэрэгтэй байна, намууд. Одоод чинь үзэл санаан дээрээ биш эрх ашгаараа нэгдчихээд байна шүү дээ.
-Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнгийн нэр дээр бүртгэлтэй Хүлэг контент энтертайнмент, Хүлэг контент Эй Ай компаниуд нэг сарын өмнө л бүртгэгдсэн байна лээ. Тэгэхээр өөрт нь хаанаас, ямар дайралт ирэхийг Ерөнхий сайд болон түүний багийнхан мэдэж байсан ч юм шиг. Анхнаасаа бүх зүйл зурагдсан, бид тэр зураг, жүжгийг нь үзээд, хараад сууж байгаа юм шиг л. Ерөнхий сайд руу хэн ингэж дайрсан байж болох вэ?
-Тэр цүнхийг яг хэн гаргаад ирэв гэдгийг бид нар одоо болтол мэдэхгүй байна шүү дээ. Гэнэтхэн л “Ажлаа хий” гэх пэйжээс гараад ирсэн шүү дээ. Дотроосоо задалсан уу. Ёстой бүү мэд. Ямартай ч нэлээн их юм цуглуулж байгаад задалсан байна лээ. Эхний тэр мэдээлэл зохион байгуулалттай бүлэглэлээс гарч ирсэн байж болзошгүй. Цүнх дээр дөрөөлөөд жагсаж байгаа залуучуудыг тийш нь аваачиж хийнэ гэдэгт бол санал нийлэхгүй байна. Тэнд цугласан залуусын ярьж байгаа юм зарчим байна лээ. Тэд магад санаандгүйгээр энэ бүхний зохиолыг бичиж байгаа хүнд ашиглагдаж байж болно.
-126 ГИШҮҮН ЭРХ БИШ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨМНӨ ТЭЭГЛЭЭД ХЭВТЧИХ БАЙЛГҮЙ ДЭЭ-
-Нэг хүний гарт эрх мэдэл очно гэдэг зурвасыг их явуулж байна л даа. УИХ-ын гишүүдийнхээ тоог 126 болчхоод байхад л “Хаант засаглалтай болчихно” гэж хүмүүсийг айлгаад байна. Энэ үнэхээр магадлалын хувьд боломжтой юм уу?
-Үгүй ээ, яах вэ улс төрд бүх юм магадлалын хувьд боломжтой шүү дээ. Гэхдээ нийтлэгээрээ ард түмнээс Ерөнхийлөгчийн засаглалтай болчихъё гэх хүсэл, эрмэлзэл харагдахгүй байгаа юм. Зүгээр л хүмүүсийг айдаст автуулаад, төр тогтворгүй боллоо гэдэг утгаар “Ерөнхийлөгчийн засаглалтай болъё” гэх өнцгийг цухалзуулдаг хүмүүс үеийн үед байсан. Гэхдээ тэдний яриа нэг их газар авдаггүй.
Яг тийм Үндсэн хуулийн өөрчлөлт хийх дээрээ тулбал эрх биш 126 парламентын гишүүн тээглээд хэвтчих байх аа. 126 болгосон зорилго нь ч гэсэн тэр байхгүй юу. Гэхдээ улс төрийн хурцадмал байдлыг даамжруулах юм бол ийм магадлал бол байгаа.
-Даамжруулах юм бол гэдэг нь?
-Гацаанд оруулах юм бол гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд өөрийгөө авч үлдээд, энэ эвсэл нь цаашаа үргэлжлээд, энэ эвслээс болж улс орны эдийн засгийн байдал нар өөд харахгүй улам бүүр доройтох, дээрээс нь энэ залуучуудын жагсаал магадгүй УИХ-ыг тар гэдэг чиглэл рүү ороод, тэрний ар талд Ерөнхийлөгч цэнэглээд эхлэх юм бол нэлээн төвөгтэй байдал үүснэ гэсэн үг. Гэхдээ ч энэ 126 хүн арай ч Үндсэн хуульд тиймэрхүү өөрчлөлт хийчихгүй байх гэж найдаж байна.
-ХҮН НЬ ТОГТВОРТОЙ Ч БОДЛОГО НЬ ТОГТВОРГҮЙ БАЙНА-
-Засаглалын тогтвортой байдал ер нь яагаад чухал юм. Ер нь тогтвортой байдал гэж юуг хэлээд байгаа юм. Хэдэн жилийг тогтвортой гэж үзэх юм бэ?
-Засаглалын тогтвортой байдал болон ЗГ-ын тогтвортой байдал хоёр жоохон өөр ойлголт. Манайхан Засгийн газар огцрохыг нэг галав юүлэх гэж байгаа юм шиг хүлээж авдаг. Угтаа бол тийм биш. УИХ-ын гишүүд намын мөрийн хөтөлбөр гээд юм дэвшүүлж, сонгогдсон байж таараа. Тэр мөрийн хөтөлбөрийг нь Засгийн газар хэрэгжүүлдэг. Дараа нь ямар ч Ерөнхий сайд гарч ирсэн намынхаа мөрийн хөтөлбөр дээр тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлнэ. Энэ бол засаглалын тогтвортой байдал.
Компаниар ярих юм бол компанийн ТУЗ чинь УИХ. Өөрсдөө гүйцэтгэх захирал буюу Ерөнхий сайд авчирч тавьж байгаа. Тэгээд гүйцэтгэх захиралдаа чиглэл өгч, үүний дагуу ажиллана шүү гэдэг. Тэгэхээр компанийн урт хугацааны бодлого төлөвлөлтийг нь хэн хийдэг юм гэхээр ТУЗ. Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн засгийн бүтэц тэр чигээрээ өөрчлөгдсөн ч гэсэн хийнэ гэсэн ажлуудыг нь дараагийн хүмүүс гарч ирээд, хийж л юм бол тэр тогтвортой байдал. Хийхгүй өөр юмнууд оруулж ирээд, хийнэ гээд байх юм бол тэр тогтворгүй байдал.
Би шулуухан л хэлье. Л.Оюун-Эрдэнэ тогтвортой байсан уу, үгүй юу гэдгийг. Энэ хүн 2021 оны нэгдүгээр сараас хойш Ерөнхий сайдаар ажиллаж байгаа. Гэхдээ энэ хүний ярьдаг юмнууд ёстой есөн жор болж өөрчлөгдсөн. Эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө, Шинэ сэргэлтийн бодлого, 14 мянган төсөл гээд ёстой түмэн янзын юм ярьсан. Маргааш өглөө Ерөнхий сайдын толгойд юу орж ирэхийг таашгүй. Алсын хараа 2050 ч гэсэн асар тодорхойгүй. Уг нь бол аливаа нэг улс орон өөрийнхөө алсын харааг ярьж байгаа бол тэр нь иргэдийнх нь зүрх сэтгэл цогцолчихсон байх ёстой байхгүй юу. Энэ чинь л бодлогын тогтвортой байдал байхгүй юу. Зорилго чиглэлээ яриад, иргэддээ итгэл үнэмшил төрүүлж чадаж байвал тэр тогтвортой байдал. Тэгэхгүй зүгээр л нэг хүн найман жил, зургаан жил ч Ерөнхий сайд хийнэ гэдэг бол тогтвортой байдал биш. Хүн нь тогтвортой боловч, бодлого нь тогтворгүй байна.
Яах вэ, түүний хийсэн ганц гэрэлтэй ажил бол E-Mongolia. Яахын аргагүй зөв санаачилга. Хүнд суртлын байхгүй болгосон шүү дээ. Өөрөөр хэлбэл, компанийг онлайнаар байгуулчхаж болдог болсон.
-Улс орныг ухарч байгаа юу, гацчихсан уу, урагшилж байгаа юу гэдгийг ямар үзүүлэлтээр мэддэг юм. Тэр үзүүлэлтээр харвал манай улс ямар байгаа вэ?
-Хамгийн энгийнээр тайлбарлах юм бол улсын эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол гурвыг чухалчилж, хөгжлийг хэмждэг. Манай улсын хувьд эдийн засаг нь урагшилж буй ч тэгш бус урагшлаад байгаа. Боловсрол, эрүүл мэндийн хөгжил бол байхгүй. 2022 онд хийгдсэн PISA шалгалтын дүнг харах юм бол бид боловсрол дээр бол нялга тавиулсан. Хорт хавдрын өвчлөлөөрөө, амиа хорлолтоороо бас л толгой цохиж байна.
-Ер нь улсыг хөгжүүлэхийн тулд зөвхөн мөнгө л байх хэрэгтэй юм уу?
-Манай улс ядуу, мөнгөгүй биш байхгүй юу даа. Та нар төрийнхний тансаглалыг, үрэлгэн байдлыг нь хар л даа. Бродюр сольж байгаа байдлыг нь хар л даа. Тэгээд төсвийнхөө хэмжээг хар л даа. Хэдэн их наядаар л яригдаж байна шүү дээ. Бид үнэхээр ядуу улс юм уу гэхээр үгүй байгаа байхгүй юу. Монгол Улс ядуу биш харин зүгээр хулгай нүүрлэчихсэн улс эсвэл засаглал нь их хяналтгүй болчхоод байгаа улс гэдэг л үнэн байх. Бидэнд одоо ил тод байдал, хяналт, тэнцвэр гурав л хэрэгтэй. 2000 оноос хойш дөрвөн жил л бид сөрөг хүчний нүүр үзжээ. Манай улсын зовлонгийн шалтгаан бол энэ. Сөрөг хүчингүй учраас хяналт, тэнцвэр, ил тод байдал байхгүй болчихсон. Ийм учраас энэ эвслийн Засгийн газрыг бүр байгуулагдахаас нь өмнө жигшээд байсан юм.
Одоо намын дарга хэн болох вэ, Ерөнхий сайд хэн болох вэ гэдэг бол 33 дахь асуудал. Батаа, Доржоо, Дулмаа гээд хэн ч бай Ерөнхий сайд болоод нэмэргүй. Хэрвээ бид нар энэ системийнхээ өөрчлөлтийг хийж чадахгүй бол яг бахь байдгаараа л юмс үргэлжилнэ.
-Таныхаар ямар, ямар системийн өөрчлөлтийг хийх хэрэгтэй байна вэ?
-Нэг хэсэг М.Энхболд гэх том дайсантай байлаа шүү дээ. Түүний өмнө Н.Энхбаярыг яваад өгөх л юм бол амьдрал сайхан болох гээд байна гэсэн. Дараа нь М.Энхболдыг яваад өгвөл л амьдрал сайхан болох гээд байна гэсэн. Одоо Л.Оюун-Эрдэнийг л зайлуулчихвал амьдрал сайхан болох гээд байна гэж бодож болохгүй. Л.Оюун-Эрдэнэ яваад, дараагийн Л.Оюун-Эрдэнэ, дараагийн М.Энхболд, дараагийн Н.Энхбаяр л ирэх байхгүй юу даа. Хүн нь л солигдоод байхаас биш дугуй нь эргэдгээрээ эргээд байна гэсэн үг.
Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийг явуулсны дараа бид системдээ өөрчлөлт хийж эхлэх юм бол бидний амьдрал сайжрах үүд хаалга нээгдэнэ. Нэгдүгээрт, парламентын ил тод байдал буюу УИХ-ын гишүүд ямар хуулийн төсөлд ямар санал өгсөн гээд бүгдийг нь ил тод болгох хэрэгтэй. Дараа нь энэ НИТХ, ДИТХ буюу орон нутгийн энэ байгууллагуудыг бүгдийг нь ил тод болгох хэрэгтэй. Бас НИТХ, ДИТХ-ийн давхар дээлийг болиулах хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.