
Монголын Хүүхдийн спортын VIII их наадам үргэлжилж байна
Улаанбаатар хотын 19 байршилд Монголын хүүхдийн спортын VIII наадам тавдугаар сарын 28-наас зургаадугаар сарын 6-ны өдрүүдэд болж байна. Наадмын шигшээ шатанд 21 аймаг, есөн дүүргийн 6120 тамирчин 31 спортын төрлөөр 271 багц медалийн төлөө өрсөлдөж буй.

Хүүхдийн спортын VIII их наадмыг 2018 оноос хойш хоёр жил тутам зохион байгуулахаар шийдвэрлэсэн аж. Ингэснээр зуны спортын төрлийг сурталчлах, өсвөр үеийнхний бие бялдрыг чийрэгжүүлж, спортоор хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөх шилдэг тамирчдыг нээн илрүүлэх, шигшээ багийн залгамж халааг бэлтгэх зэрэг олон чухал ач холбогдлыг бий болгожээ. Өрөг.mn сайтын сурвалжлах баг Хүүхдийн спортын их наадмын сагсан бөмбөгийн тэмцээнийг зорин очиж, тэмцээний шүүгч болон тамирчдын төлөөлөлтэй цөөн хором ярилцлаа.


БГД-ийн сагсан бөмбөгийн өсвөрийн багийн ахлагч Ж.Итгэл: Бүх дүүрэг, аймаг сумуудын тамирчид бүгдээрээ ер нь сайн болчихсон, өрсөлдөөн чанга байна.
-Анх удаа Хүүхдийн спортын их наадамд оролцож байна. Доод оныхоо дүү нартайгаа, тэгээд би өөрөө 2008 оных, анх удаа оролцож байгаа. Ер нь л одоо сагсан бөмбөг маш их хөгжчихсөн. Бүх дүүрэг, бүх аймаг сумууд бүгдээрээ ер нь сайн болчихсон, өрсөлдөөн бол чанга байна. Дасгалжуулагчийн хувьд багаасаа хамт явж байгаа Мөнхбаатар багш маань байна. Тэгээд Монгени цогцолбор сургуулийн Балжка багш маань 93 дугаар цогцолбор сургуулийн Алтанхуяг багш бий. Баг болгон өөрсдөө яг онцлог дээрээ тааруулж, тоглолтын хувилбараа бэлддэг байх. Манайх бол ер нь дандаа шидэлт дээрээ л анхаарч, тактикаа бэлддэг дээ.


Баян-Өлгий аймгийн сагсан бөмбөгийн өсвөрийн багийн ахлагч А.Айсымбат: Сагсан бөмбөг тоглоход баг хамт олонч сэтгэлгээтэй болгодог
-Бид нар хотод 24-нд ирээд манайхаас 11 охин тэмцээнд оролцож байна. Дэмжээд бид нарыг спонсорлож байгаа Биеийн тамирын газартаа баярлалаа, мөн ивээн тэтгэсэн компанидаа баярлалаа. Сагсан бөмбөгт би маш их дуртай л даа. Хичээллэж эхлээд гурав дахь жилтэйгээ золгож байна.


Сагсан бөмбөгийн тэмцээний шүүгч Г.Ганбаяр: Өгсөж яваа шилдэг тамирчид Хүүхдийн спортын их наадмаас төрөн гардаг
-Монголын хүүхдийн спортын зуны VIII дугаар их наадамд эрэгтэй 26, эмэгтэй 20 баг, нийт 46 багийн 500 гаруй тамирчид 7 хоногийн турш өрсөлдөж 6 сарын 1-ний өдөр медалийн тоглолтууд явагдсанаар шагналт байрын баг тамирчид шалгарна. Оролцогч хүүхдүүдийн хувьд 15-17 нас буюу 9 дүгээр ангиас 11 дүгээр ангийн хүүхдүүд, тамирчид хоорондоо өрсөлдөнө.
Хурд хүч авхаалж самбаа ер нь бол хүүхдүүдийн ур чадвар жил ирэх тусам сайжирч, тамирчдын ур чадвар маш их өсөж байна. Хүүхдийн спортын их наадам ер нь өмнө нь дандаа нэг аймаг сургууль, дүүргээрээ оролцдог байсан. Энэ жил онцлог нь клубүүдэд оролцох зөвшөөрөл олгосон учраас дүүргүүдээс клубүүд хүчтэй орж ирж байна. Модун молл мөн эмэгтэй багуудаас Монопон, Этүгэн гээд клубүүд дүүргээсээ эхлээд эрхээ аваад дараа нь нийслэлдээ орж байдаг. Ийм зарчмаар энэ жилээс зохион байгуулалтанд онцлог байгаа. Тийм болохоор сайн багууд гэвэл дүүргийн багууд нь бас сайн чанартай багуудтай.


Хүүхдийн спортын их наадмын шилдэг тамирчид:
- Чөлөөт бөх
- Жүдо
- Байт харваа
- Буудлага
- Бадминтон
- Сагсан бөмбөг
- Волейбол
- Гимнастик
- Даам
- Ширээний теннис
- Шатар
- Сагсан бөмбөг 3х3
- Самбо
- Усанд сэлэлт
- Таеквондо
- Дугуй
- Хөнгөн атлетик
- Хүндийн өргөлт
- Модон барилдаан
- Дуатлон
- Жюү жицү
- Бүжиг
- Хөлбөмбөг
- Бокс
Тусгай олимпын төрлүүд:
- Пара бочи
- Пара хөнгөн атлетик
- Хонхот бөмбөг
- Диф сагсан бөмбөг /3х3/
- Диф даам
- Тусгай хөнгөн атлетик
- Тусгай хамтарсан хөлбөмбөг гэсэн спортын төрөлд медалийн тавцанд зогсож байна.
Тус наадмын урьдчилсан шатанд 30 багийн 9-17 насны 15000 гаруй тамирчин хамрагдсан нь наадмын цар хүрээг илтгэж байгаа ажээ.