
ХҮН намын Хариуцлагын ерөнхий хорооны дарга асан А.Дөлгөөнтэй ярилцлаа.
Учир шалтгааны тухайтад: “Намаас гарах болсон шалтгаанаа “ХҮН намын удирдлагын өнөөгийн байр суурь, хандлага, ажиллаж буй арга барил, гаргаж буй шийдвэрүүдийг цаашид хүлээн зөвшөөрөх боломжгүй тул миний бие ХҮН намаас гарч байгаагаа үүгээр мэдэгдэж байна. Улс төрийн намд элсэх, намаас гарах гэдэг бол миний хувьд маш хариуцлагатай шийдвэр байв.
Улс орныг үзэл санаатай, зарчимтай, үнэт зүйлсээ хамгаалдаг, чигч, тулхтай, хоёр нүүргүй лидерүүд удирдсан цагт улс орон өөдөлнө гэдэгт би хатуу итгэдэг. Ийм шинж чанартай лидерүүдийг төрүүлэх хөрс ХҮН намд байхгүй, байлгах ч үгүй гэдгийг арван жил явсны эцэст мэдэрлээ. Учир нь нэг хүний компани шиг нам хэзээ ч дотоод ардчилалтай байж, мерит зарчимтай инстүүц болж ажиллах боломжгүй юм байна.
Ийм нам нь намын даргад ихээхэн эрх мэдлийг төвлөрүүлсэн дүрэм батлуулдаг учраас нэг хүний дарангуйлал тогтох нөхцлийг бүрдүүлдэг ажээ. Дотоод ардчилалгүй нам яван явсаар дарангуйлагчид төрүүлдэг нь зүй тогтол юм. ХҮН намын өнөөгийн энэ байдал, дээрх алдаа дутагдалд хувьдаа хариуцлага хүлээн, цаашид хариуцлага тооцох чадамжгүй Хариуцлагын ерөнхий хорооны даргаар ажиллах шаардлагагүй гэж өөрийгөө үзлээ.
ХҮН намын удирдлагын сүүлийн үеийн мэдэгдлүүд намын олон зуун гишүүд дэмжигчдийн хүсэл зориг байж чадахгүй гэдэгт эргэлзэхгүй байна. Намын дарга нь хамтарсан засагт заавал орох ёстой хэмээн амь тэмцэн хашгирах нь нийт гишүүд дэмжигчдээ эвгүй байдалд оруулж байгааг харах ичгүүртэй байна.
Түүнчлэн ХҮН намд эрүүл шүүмжлэл хэлсэн хүнийг намын дайсан мэт хүлээж авах, хувь хүмүүс хоорондын асуудал мэт харах, сүүлдээ бүр гүтгэн доромжлох гэхчлэн эрүүл бус соёл тогтсон зэрэг нь цаашид энэ намын гишүүн байх хүсэл зоригийг үгүй хийж байна. Энд хүрээд итгэл бөхөв.
Эцэст нь хамт зүтгэж асан намын журмын нөхөддөө хандан хэлэхэд үнэхээр төр түшилцэх гэж буй бол зөвхөн хувийн эрх ашгийн үүднээс асуудалд хандаж даргад зусардах бус, алив манипуляцид авталгүй үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, үнэт зүйлстэй, зарчимтай байж, намаа аврахыг захья! Чингэж гэмээ нь энэ хүртэл зүтгэж ирсэн замналын минь үнэ цэн тэр болог” хэмээсэн билээ.
ҮНЭН ҮГИЙГ ХЭЛЭХ ЗОРИГ ЗҮРХТЭЙ ХҮН ХҮН НАМД БАЙХГҮЙ БОЛСОН
Тэрбээр “Миний итгэл найдвар ч унтарлаа. Яг үнэн үгийг хэлэх зүрх зоригтой хүн бол байхгүй болчихсон. ХҮН намаас гарч байгаа гэхээр хүмүүс албан тушаал аваагүй болохоор ингэж асуудал үүсгээд байна гэж ойлгож магадгүй. Яг үнэндээ албан тушаалын тухайтад бол юу ч биш. Харин би үзэл санааныхаа төлөө үхтэл тэмцэх гэж байгаа юм. Над дээр гадаад томилгоо яригдаж байсан юм байна лээ. Би энэ намаас ажил, албан тушаал авах гээд чив чимээгүй суугаад байхаасаа би ичсэн. Хүн нам нэг мэдсэн чинь маш хаалттай ямар ч дотоод ардчилалгүй нэг хүний зөвхөн даргын нам болсон байсан. Нэг хэсэг бүлэг хүмүүсийн улс төрийн эрх мэдлийн төлөө явж байх ёстой ч юм шиг ийм нам болж хувирсан байна. Юугаар хамгийн сүүлд одоо илэрсэн бэ гэвэл та бүхэн санаж байгаа бол ХҮН намаас сонгогдсон УИХ-ын хоёр гишүүн Төрийн ордонд зодолдсон шуугиан гарсан. Эдгээр гишүүдээс бол би албан ёсны тайлбар шаардсан. Үүн дээрээ үндэслээд Хариуцлагын ерөнхий хорооны ёс зүйн хариуцлага тооцох тухай дүгнэлт гаргаад шийдвэрийг хүргүүлсэн. Гэтэл хүлээж аваагүй бөгөөд намын дотоод ямар ч групп тавихгүй гэсэн.
Тухайлбал жиргээнд намын дотоод групп байдаг байсан юм. Түүн дээр тавьсан чинь энэ мэдээллийг тавьсны төлөө тэр группийг бүр устгасан байхгүй. Тэгэхэд л би үнэхээр ойлгосон.
Миний зүтгэж явж ирсэн энэ цаг хугацаа хүч хөдөлмөрөө зориулсан энэ нам чинь одоо юу болчхоо вэ? Хариуцлагын ерөнхий манай даргын хувьд юу ч биш юм шиг л санагддаг байх.
Ийм болохоор ямар ч дотоод ардчилал байхгүй болсон гэж хэлэх гэсэн юм. Асуудлыг нээлттэй ярьдаг боломж болж огт байхгүй болчихсон гэсэн үг.
ХҮН НАМ ЗАСАГТ ОРСНООС НЭР ХҮНД НЬ ШАЛДАА БУУЖ, ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД ЯЛАГДСАН
Би ХҮН нам хэрвээ засагт орвол орон нутгийн сонгуульд ялагдана гэдгийг хэлж л байсан. Тэртээ тэргүй 8 гишүүнтэй юм чинь сөрөг хүчин байж ажиллая гэдэг мессежийг өгч байсан. Тэгэхээр би засагт орохын эсрэг байр суурьтай байсан, байгаа гэсэн үг. Өнөөдрийн өндөрлөг дээрээс харахад засагт орсон нь нийт сонгогчид, гишүүд, дэмжигчдэд яаж буусан харагдаж байна. Нам, намын даргын нэр хүнд газраар нэг болсон шүү дээ.