
2025 оны 5-р сарын 27-ны байдлаар улаанбурхан өвчний нийт 3547 тохиолдол улсын хэмжээнд бүртгэгдээд байна. Үүнээс 2228 нь эдгэрч, 762 хүн гэрийн хяналт дор, 555 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 2 хүн нас барсан. Нийт хавьтагчдын тоо 44,774-д хүрсэн нь уг өвчний халдварлах хурд, хамрах хүрээ өндөр байгааг илтгэж байна хэмээн ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
Насны ангиллаар авч үзвэл, 10-14 насныхан буюу Ерөнхий боловсролын 5-9-р ангийн сурагчид хамгийн их халдвар авч байгаа нь тогтоогдсон. Үүнтэй холбогдуулан Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс (ХӨСҮТ) улаанбурханы халдварлалт өндөртэй ч вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтой өвчин болохыг анхааруулж, эцэг эхчүүдийг хүүхдээ дархлаажуулалтад идэвхтэй хамруулахыг уриалж байгаа.
Улаанбурхан 10-14 насныхны дунд эрчимтэй тархаж байна
Халдварын дийлэнх нь сургуулиудад бүртгэгдэж, улаанбурхан өвчин ЕБС-иудын дунд голомтлон тархаад байна. Гэтэл энэхүү нөхцөл байдал төгсөлтийн баяр болоод нийтийг хамарсан арга хэмжээ олноор зохион байгуулагдаж буйтай давхацсан нь халдварын тархалтыг улам нэмэгдүүлэх эрсдэл дагуулж байна.
Жишээ нь Нийслэлийн Ерөнхий боловсролын 23-р сургууль дээр очиход 5-р ангийн сурагчдын бага ангиа төгсөн дунд ангид шилжиж буй баярын үйл ажиллагаа болж байсан бөгөөд олон сурагч амны хаалт зүүгээгүй байдал ажиглагдав.
Энэ талаар тус сургуулийн Нийгмийн ажилтнаас тодруулахад:
“Энэ бол төгсөлтийн баяр биш. 5-р ангийн сурагчдыг 6-р ангийн багшид нь хүлээлгэж өгөх арга хэмжээ. Бусад сургуулиуд ч мөн адил хонхны баяраа зохион байгуулж л байна” хэмээгээд нэмэлт тайлбар өгөхөөс татгалзсан юм.
Харин тус сургуулийн эмч Н.Даваасүрэн мэдээлэхдээ:
“Манай сургуулийн хувьд хонхны баярын өмнө халдварын тохиолдол багассан ч баярын арга хэмжээнүүдийн дараа 2-3 шинэ тохиолдол бүртгэгдчихлээ. Бид анги танхимд ариутгал, кварц хэрэглэж, халдвар хамгааллын дэглэмийг сахин ажиллаж байна. Хүүхэд хүндэрсэн тохиолдолд ХӨСҮТ-д хэвтүүлэн эмчилж, хөнгөн тохиолдолд гэрээр нь зөвлөгөө өгч, хичээлийг цахим хэлбэрт шилжүүлж байна” гэв.
Одоогийн байдлаар тус сургуулийн нэг сурагч хүнд хэлбэрээр өвдсөн ч бусад сурагчид танхимын сургалтаа үргэлжлүүлж байгаа нь халдварын эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй юм. Хамгийн гол нь улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга нь вакцин боловч, хүүхдийг дархлаажуулахад эцэг эхийн зөвшөөрөл шаардлагатай байдаг тул олон эцэг эх вакцинжуулалтад идэвхгүй хандсаар байгааг ХӨСҮТ анхаарууллаа.
Эрүүл мэндийн байгууллагууд олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд хүүхдүүдийг оролцуулахгүй байх, мөн дархлаажуулалтад заавал хамруулахыг дахин дахин сануулж байна.