
Цахилгаан дугуй, цахилгаан скүүтер тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой цогц асуудлуудыг эрх зүйн зохицуулалттай болгохоор хуулийн төсөл боловсруулан олон нийтийн дунд хэлэлцүүлж буй.
Тухайлбал, цахилгаан дугуй, цахилгаан скүүтер гэсэн хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгслийн ангилал болон тус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцогч жолоочийн эрх, үүрэг, хариуцлага тодорхой болох юм.
Дээрх асуудлууд тодорхой зохицуулагдснаар цахилгаан дугуй, цахилгаан скүүтерээр хөдөлгөөнд оролцогч жолоочийн хариуцлага нэмэгдэж, замын хөдөлгөөнд оролцогч бусад этгээд, явган зорчигчийн эрх хангагдана.
Мөн цахилгаан скүүтерт тавих техникийн ерөнхий шаардлагыг хуульчилснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт зориулалтын бус, шаардлага хангахгүй цахилгаан скүүтэр орж ирэхгүй байх нөхцөл бүрдэх, ингэснээр жолооч, иргэдийн аюулгүй байдал хамгаалагдана.
Эцэст нь нийтийн хэрэглээний цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдэд тавих хяналт, зохицуулалтыг бий болгосноор шаардлагад нийцсэн цахилгаан дугуй, скүүтер замын хөдөлгөөнд оролцох, улмаар цахилгаан скүүтерээс үүдэлтэй осол, гэмтлээс сэргийлэх, осол гэмтэл буурах нөхцөл бүрдэх юм.
Зарим тоог анхаарч харая:
Сүүлийн 5 жилийн хугацаанд буюу 2019-2024 оны эхний 7 сарын байдлаар цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтер-с үүдэлтэй нийт 584 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгджээ.
Харин сүүлийн 2 жилд энэ төрлийн тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол гэмтэл 4-5 дахин өссөн байна.
Бүртгэгдсэн ослын тохиолдлын шалтгааныг хувиар авч үзэхэд,
- цахилгаан дугуй, цахилгаан скүүтер-с унаж гэмтэх, онхолдох 84%,
- цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн жолооч автомашинтай мөргөлдөж гэмтэх 10,1%,
- явган зорчигчийг цахилгаан дугуй, цахилгаан скүүтер мөргөж гэмтээх 4,3% байна.
Насны бүлэг бүрд цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтер-с унаж гэмтэх, онхолдох тохиолдол түгээмэл байгаа ба 10-19 насны иргэд осол гэмтэлд илүүтэй өртсөн байна. Мөн нийт тохиолдлын 551 /94,3%/ нь нийслэлд, 33 /5,6%/ нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар:
Үүнд:
- “Цахилгаан скүүтер”, “Цахилгаан дугуй”, ”Хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгсэл” гэсэн тээврийн хэрэгслийн ангиллыг шинээр тодорхойлж, эдгээр тээврийн хэрэгслийг жолоодох насны хязгаар, тээврийн хэрэгслийн техникийн дээд хурд, тээврийн хэрэгсэл зорчихыг зөвшөөрсөн замыг хуульчлана
- Цахилгаан скүүтер, цахилгаан дугуй жолоодон замын хөдөлгөөнд оролцогч жолоочийн үүрэг, жолоочид хориглох зүйлсийг тусган
- Цахилгаан скүүтерийн хөдөлгүүрийн хүч чадал, хамгийн дээд, доод хурд, тээврийн хэрэгслийн бүх жин, тээврийн хэрэгслийн тоноглол зэргийг агуулсан цахилгаан скүүтерт тавих техникийн ерөнхий шаардлагыг шинээр тусгана;
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад ”Нийтийн хэрэглээний цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн үйлчилгээ үзүүлэгч” (shared micromobility services)-ийн эрх, үүрэг, нөхцөл шаардлагыг шинээр тодорхойлно хэмээн тусгасан байна.
Цахилгаан суррон, скүүтерийн гол хэрэглэгчид бол хүүхэд, залуучууд. Тэд хуульчлан батлахаас өмнө энэ төрлийн тээврийн хэрэгсэл явах зам, орчныг бүрдүүлэх нь хамгийн чухал гэдгийг хэлж байна.
Зам нь байх юм бол миний зөв, чиний буруу дээрээ тулахгүй шүү дээ
- Хуулиа батлахаасаа өмнө цахилгаан тээврийн хэрэгслээр аюулгүй зорчих замтай болох хэрэгтэй. Үгүй бол хичнээн хууль байгаад явган зорчигч, тээврийн хэрэгсэлтэйгээ нэг замаар явж байгаа тохиолдолд асуудал улам нэмэгдэж миний зөв, чиний буруу дээрээ тулах болно.
Түрээсэлсэн мөнгөндөө уягдаж яаруу сандруу явж, осолд их ордог
- Түрээсийн цахилгаан тээврийн хэрэгслээр зорчигч нь цагт баригдан мөнгөндөө уягдаж яаруу сандруу явснаас үүдэн осол гэмтэл гаргах тохиолдол их байгаа болов уу. Иймээс хуультайгаа уялдуулан түрээслэгч талуудтай нарийн гэрээ хэлцэл хийх хэрэгтэй гэж бодож байна.
Машин, скүүтер гэхгүй нэг нэгэндээ хүлээцтэй л байх хэрэгтэй
- Хуулиар шийдэгдэхгүй хувь хүний ухамсрын асуудал бас бий. Нэгэндээ зам тавьж өгөх, зам тавьж өгсөндөө талархах, хүлээцтэй байх зэрэг хүнлэг сэтгэлээр хандах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол хуулийн заалтаа хүртэл эсэргүүцэж асуудал үүсгэх хүмүүс их байх болов уу.
Хуулийн төсөл батлагдсанаар цагаа хэмнэн цахилж явахдаа өөрийн болоод бусдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг онцгой анхаарах хэрэгцээ үүсэж байгаа юм.