
Дараах үгсийг эргэн саная
-Ганц хүнээс төр нь хамаардаг бол дарангуйлал нэгэнтээ тогтсон гэсэн үг.
-Миний хувьд ямар ч албан тушаалд очихгүй. Тэр байтугай би байнгын хорооны ч дарга болохгүй
-Нэг жижигхэн асуудал гарахад ард түмэн дургүйцлээ илэрхийлээд шууд огцордог байх ёстой.
Энэ бол өнөөдрийн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өөрийнхөө амаар хэлсэн үг.
Тодруулбал зургаан жилийн өмнө “60 тэрбумын хэрэгт холбогдсон М.Энхболд УИХ-ыг удирдах ёс зүйн эрхгүй” хэмээн өөрийн дөрвөн нөхдийн хамтаар төв талбайд гэр бараа барин шударга ёсыг нэхэж жагсаж байлаа.
Тэднийг “шударга” тав хэмээн нэрийдэх болсон. Гэтэл ерөнхий сайдын тухайн үеийн нөхцөл байдал өдгөө өөрийнх нь толгой дээр буучхаад цаашаа ч үгүй, наашаа ч үгүй гацчихсан билээ.
Энэ байдлыг залуусын хэлээр “Karma is real” хэмээнэ.
Чухамдаа төв талбайд болж буй “Огцрох амархан” нэрт жагсаалынхан “Хаан шалдан байна” гэдэг шиг Л.Оюун-Эрдэнийг “шалдан” байна гэдгийг л чангаас чанга хэлж буй. Тэдний тавьж буй шаардлага ч гэсэн маш энгийн, тодорхой. Тодруулбал,
- Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ улс төрийн болоод ёс зүйн хариуцлага хүлээж өөрийн хүсэлтээр огцрох
- Дараагийн шинэ Засгийн Газрыг эвслийн Засгийн Газар байгуулахыг дэмжихгүй Албан тушаалтны бус тогтолцооны тогтвортой байдлыг дэмжиж,
- Үндсэн Хуульд өөрчлөлт оруулахгүй байх гэх мэтчилэн хэдхэн л шаардлага буй.
Гэтэл өнөөгийн ерөнхий сайд маань өнөөдрийг хүртэл 15 өдөр ингэж гүрийж байгаад ихэнх иргэд гайхаж байна. Албан тушаалтай ингэтэл зууралдах болсон нь ч эргэлзээ төрүүлээд буй. Учир шалтгааны хувьд ч гэсэн нарийн тайлбарлаж болохоор л зүйл.
Тухайлбал, Л.Оюун-Эрдэнийг засаг барих хугацаанд иргэдийн амьдрал төдийлөн дээрдсэнгүй. Хамгийн аюултай нь Монгол Улс ардчиллаасаа ухарч Автократ дэглэмтэй зургаан улсын нэг болсон билээ.
Автократ засаглал нь эрх баригчид үнэмлэхүй эрх мэдлийг эзэмшдэг засаглалын тогтолцоо бөгөөд дарангуйллын ихэнх хэлбэр нь энэ төрөлд багтдаг. Цаашилбал олон намын оролцоо үнэмлэхүй буурч, хэвлэлийн эрх, эрх чөлөө хумигдмал байдалд орсон нь ч гэсэн Л.Оюун-Эрдэнийн л “гавьяа”.
Нөгөө талаас нэг хүнээс шалтгаалдаг төрийн бодлого гэж байдаг бол дарангуйлал нэгэнтээ тогтсон гэж тэр өөрөө хэлсэн. Бүүр нөгөө талаас нь яривал зарим хүмүүс ам сайтай байдаг мега төслийг хөдөлгөсөн гэх алдар нэр нарийндаа цаг хугацааны л асуудал байсан билээ. Товчхондоо хүнээс хамаараагүй, явах ёстой асуудал төрийн бодлогоор ахисан гэж ойлгож болно.
М.ЭНХБОЛДЫН ӨРӨӨ НЬ Ч ЦООЖТОЙ, АМ НЬ Ч “ЦООЖТОЙ” БАЙНА
“Karma is real”- гэдэг өгүүлбэрийг М.Энхболдыг огцруулсантай холбож Л.Оюун-Эрдэнийн үйлийн үр байсан гэж хэлэх нь бас өрөөсгөл. Үүнийг сануулах нь зүйтэй. Үйл явдал давтагдаж байна. Гэхдээ өнөөгийн жагсаал органик нийгмийн шаардлагаар бий болсон гэдгийг ч дурдах нь зөв.
Харин өнөөдрийн улс төрд өрнөж буй эл асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс эхлүүлээд, Долоон буудлын Должин эмээ хүртэл байр сууриа илэрхийлж буй. Улс төр мэддэггүй ч хүн алга, мэддэг ч хүн алга гэдэг шиг л үйл явц өрнөж байна гэсэн үг.
Гэтэл энэ дундаас нэг л сонин содон дүр гэх үү, хүн гэх үү байр сууриа илэрхийлэхгүй байгаа нь анхаарал татмаар. Тэр хүн бол УИХ-ын дарга асан М.Энхболд билээ. Тухайн үед Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй өнөөгийн шударга тав зарим нэг нөхдийн хамт түүний өрөөнд орохдоо хутга тулгаж айлгасан ч гэх битүүхэн яриа байдаг.
Энэ эрхэм өнөөдөр дуу ч гаргахгүй байгаа нь гайхмаар. Бид уг нь түүнээс байр суурийг нь сонсохоор өрөөнийх нь үүдийг өдөржин сахисан ч цоожтой байлаа.