
Өнгөрсөн амралтын өдрүүдэд АИ-92 шатахууны үнэ гэнэт 200 төгрөгөөр нэмэгдэж 2590 төгрөг болсон нь олон нийтийн бухимдлыг төрүүлсэн. Уг асуудалд өнөөдөр /2025.05.26/ Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Шатахуун импортлогч компаниуд үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн. Компаниудтай холбогдох гэсэн боловч ихэнх нь утсаа авахгүй байна. Шатахуун импортлогч компаниуд мэдэгдэхгүйгээр үнээ нэмж байгаа бол бид ч зохих арга хэмжээг нь авна” гэсэн мэдэгдлийг хийсэн.
Тэгвэл энэхүү үнийн дарамт Завхан, Ховд гэх мэт алслагдсан аймгийн сумдын иргэдэд илүү хүнд тусах болжээ. Хүн амын төвлөрөл хамгийн ихтэй сум гэгддэг Завхан аймгийн Тосонцэнгэл суманд АИ-92 шатахууны үнэ 3000-3150 төгрөгт хүрсэн байна. Энэ нь Улаанбаатар хотод борлуулагдаж байгаа үнээс даруй 560 төгрөгөөр өндөр дүн юм.
“Ажлын байр олдохгүй хэр нь бараа бүтээгдэхүүн, бензин шатахууны үнэ нь тэнгэрт хадсан хөдөөгийн сумдад хэн очиж амьдрах вэ?”