
Цахим мөрийтэй тоглоом, төлбөрт болон бооцоот тоглоомыг зуучилсан, сурталчилсан, зохион байгуулсан тохиолдолд Эрүүгийн, Зөрчлийн хуулиар хариуцлага тооцдог байх зохицуулалтыг Зөвшөөрлийн тухай хуульд оруулж, энэ төрлийн тоглоомын үйл ажиллагааг бүхэлд нь хориглох юм. Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас санаачлан өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ-ын нэгдсэн чуулганаар анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийг энэ долоо хоногт багтаан эцэслэн батлах учиртай.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: “Цаашид цахим мөрийтэй тоглоом тоглох, зохион байгуулах, сурталчлах, ивээн тэтгэх зэрэг үйл ажиллагааг бүхэлд нь хориглоно. Энэхүү хууль батлагдсанаар хууль хяналт, банк санхүүгийн байгууллагууд мөрийтэй тоглоомын үйлдэл дээр хязгаарлалт хийх боломж бүрдэх юм. Ингэснээр иргэдийн мөрийтэй тоглоом тоглох үзүүлэлт 60 хувиар буурна.
Мөн бид технологийн хувьд бүрэн бүтэн байдлыг бүрдүүлснээрээ цаашид VPN ашиглан хууль бус аргаар тоглох оролдлогуудыг хийвэл түүнийг илрүүлэх, илрүүлсэн тохиолдолд эрүүгийн хууль болон зөрчлийн хуулиар хариуцлага тооцох шаардлагатай” хэмээн мэдэгдсэн юм.
Цахим мөрийтэй тоглоом түүний эдийн засагт учруулж буй хор хөнөөл, гэмт хэрэг бүртгэлийн байдлыг харуулья:
Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар 2023 оны байдлаар эдийн засгийн гэмт хэрэг 200 бүртгэгдэж, 2024 онд эдийн засгийн гэмт хэргийн улмаас нийт 417.2 тэрбум төгрөгийн хохирол учирч, эдийн засгийн гэмт хэргийн хохирогчийн 9.2 хувийг 18-29 насны бүлэг, 47.7 хувийг 30-39 насны бүлэг, 24.6 хувийг 40-49 насны бүлэг эзэлж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 240.9 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 23.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан байна.
Монгол Улсын нутаг дэвсгэрт цахим болон цахим бус хэлбэрээр хууль бусаар мөрийтэй болон бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах замаар мөнгө угаах, бусдыг залилах, татвар төлөхөөс зайлсхийх зэргээр эдийн засгийн гэмт хэргүүд ихээр үйлдэгдэж, сүүлийн 3 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан Мөрийтэй тоглоом зохион байгуулах зүйл ангиар 669 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 200 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай явуулж, 104 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн байна. Монгол улсад давхардсан тоогоор сүүлийн 3 жилийн хугацаанд хууль бус мөрийтэй тоглоомын 350-450 орчим сайт үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна.
Цахимаар мөрийтэй тоглоом болон бусад төрлийн бооцоот тоглоом эрхэлдэг гадаадын хуулийн этгээдийн үйл ажиллагаа Монгол Улсын хүн амын дунд түгээмэл болсон байгаа нь зайлшгүй шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудал болоод байна. Цагдаагийн байгууллагаас цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн дуудлага, мэдээлэлд хойшлуулшгүй ажиллагаа явуулж, арилжааны банкуудтай хамтран 2024 онд бусдад учирсан 7,3 тэрбум төгрөгийн хохиролтой 1,318 дуудлага, мэдээлэлд нийт мөнгөн дүнгийн 71,2 хувь буюу 5,2 тэрбум төгрөгийн дансны гүйлгээний шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож, 120 иргэний 2,1 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, болзошгүй эрсдэлээс хамгаалсан.
Харин учирсан нийт хохирлын 28,8 хувь буюу 2,1 тэрбум төгрөгийн хохиролтой 565 дуудлага, мэдээлэлд хязгаарлалт тогтоогоогүй бөгөөд үүний үндсэн шалтгаан нь 18,2 хувь буюу 103 иргэнээс хугацаа алдаж дуудлага ирүүлсэн, 47,9 хувь буюу 271 сэжигтэй этгээд АТМ /бэлэн мөнгөний машин/ ашиглан бэлнээр авсан, 33,8 хувь буюу 191 сэжигтэй этгээд арилжааны хэд хэдэн банкны данс шилжүүлэн Binance, 1XBET зэрэгт мөнгөн гүйлгээ хийх замаар мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдсэнийг шалгаж байна.
Залуучууд мөрийтэй тоглож биш хөдөлмөрөөрөө мөнгө олох хэрэгтэй
- Манайх шиг тэнэг залуучуудтай улс хуулиар л зохицуулалт хийж өгөхгүй бол биеийн амраар мөнгө олох гэж өөрийн амь амьдралаа дэнчин тавих нь ихсэж. Ер нь амар хялбар аргаар олсон мөнгө хоол болох нь ховор. Хэрэггүй юманд цаг заваа үрж байснаас шударгаар хөдөлмөрлөж зөв амьдрах хэрэгтэй.
Хууль батлах нь хамгийн зөв зам
- Цахим мөрийтэй тоглоом өөрийн гэсэн хуультай болж хазаарлахгүй бол өөртөө болон өрөөлд их хэмжээний санхүү, сэтгэл санааны хохирол учруулж байна. Бага насны хүүхдүүд утсанд донтоход түүнийг эцэг эхийн хараа хяналтаар хязгаарладаг. Үүнтэй адил донтоод учраа мэдэхгүй амьдралаа үрж байгаа залуусыг хуулиар зохицуулж зөв зам руу нь чиглүүлэх хэрэгтэй.
Хуулиа хууль шиг хэрэгжүүлэх хэрэгтэй
- Монгол улсад маш олон төрлийн хууль байдаг ч хэрэгжээд байгаа үгүйг нь сайн мэддэггүй. Харин одоо шинээр өргөн дэвшүүлж буй энэ хуулийнхаа хэрэгжилтийг сайтар хангаж ажлаасай хэмээн төр засгаасаа хүсэж байна.
Өнөөдөр айл бүрд цахим мөрийтэй тоглоом тоглох, түүнээс болж хохирол амссан тохиолдол ганц нэгээр тогтохгүй байгаа тул хууль, эрх зүйн хувьд хязгаарлалт, хариуцлага, зохицуулалт хийх цаг үеийн шаардлага үүссэн.