
Цэцэг бүхэн өөр өөрийн гэсэн бэлгэдэл утга санааг илэрхийлж байдаг. Тэгвэл хэн нэгэнд цэцэг бэлэглэх гэж байгаа бол бэлгэдэл, утга санааг харгалзан үзэж сонгоорой. Та бүхэнд цэцэгсийн бэлгэдэл, илэрхийлэл утга санааг цувралаар хүргэе.
Хүмүүс үзэмжтэй сайхныг нь бодож тарималжуулсан анхны ургамал сарнай цэцэг байх магадгүй гэгддэг. Сарнай бүрийн өнгө өөрийн гэсэн утга агуулдаг.
Улаан сарнай нь хайр, аз жаргалтай амьдрал буюу хамтдаа байхыг илэрхийлдэг. Улаан сарнай бол эрт дээр үеэс хайр дурлалын бэлгэдэл болж ирсэн.Мөн улаан сарнай нь үзэсгэлэн гоо байдлын бэлэг тэмдэг болдог ба ер нь бүх төрлийн бэлэг тэмдгүүдийг өөртөө багтаасан байдаг.
Ягаан сарнай нь талархал, хүндлэлийг бэлэгддэг. Ягаан сарнай бол сүр жавхлан, хээнцэр тансаг байдлын бэлэг тэмдэг болдог. Эрт дээр үеэс ягаан сарнайг урлаг мэтээр шүтэж ирсэн ба хамгийн анхны сарнайн төрөл гэж үздэг. Шагшин гайхах, бахдах сэтгэлээ ягаан сарнайгаар илэрхийлдэг байна.
Түүнчлэн ягаан сарнай нь мөн баяр баясгалан, хүндэтгэлийг илтгэдэг. Гэхдээ улаан сарнайг бодвол арай эелдэг зөөлөн утга илэрхийлдэг ба ягаан сарнай нь дотроо маш олон төрөл бөгөөд өөр өөрийн гэсэн утга учир агуулдаг. Тод ягаан сарнай нь талархал, хүндэтгэлийн утга санааг агуулах ба баярласан сэтгэлээ илэрхийлэх уламжлалт арга гэж болно. Харин гэгээтэй, бүдэг ягаан сарнай нь зөөлөн даруу байдал, бахдал болон хайр энэрлийг илэрхийлдэг аж.
Цагаан сарнай нь цэвэр ариун байдал болон шинэ эхлэлийг илэрхийлдэг. Иймээс ихэнхдээ хурим болон шинэ зүйл эхлэх бэлэг тэмдэг болгон ашиглаж, хэрэглэдэг. Мөн цагаан сарнай нь нэр алдар, хүндэтгэлийн бэлэг тэмдэг болдог. Гэсэн хэдий ч цагаан сарнай бас маш нууцлагдмал цэцэг юм. Цагаан сарнай нь сүйт бүсгүйн гарт байдгаараа эв нэгдэл, ёс суртахуун байдал, шинэхэн хайрыг илтгэдэг. Мөн танд гэж зөвлөхөд та хэрвээ хайртай хүнтэйгээ суух тухай бодож байгаа бол хайрт хүндээ цагаан сарнайг бэлэглээрэй. Энэ нь ирээдүйд хуримыг авчирдаг гэж эртнээс бэлэгшээж ирсэн байна.
Харин шар сарнай нь гэр бүл, нөхөрлөлд хүндэтгэлтэй байдлыг илэрхийлдэг. Шар цэцгийг ихэнхдээ сайн найз нөхдөдөө өгдөг байна. Яагаад гэвэл шар сарнай нь баяр баясгалан болон сайн нөхдийн бэлэг тэмдэг болдог. Шар сарнайг хамгийн сүүлд нээн илрүүлсэн. Сарнайнууд дотроос шар сарнай хамгийн гоё үнэртэй байдаг.
Улбар шар өнгийн сарнай нь хүсэл тачаал болон урам зоригын нэгдэл болсон байдаг. Тиймээс улбар шар сарнай нь “ би чамаар бахархаж байна” гэсэн утгатай байдаг.
Нил ягаан сарнай буюу чирнэээлэн ягаан сарнайг хүмүүс анхны харцаар дурласан сэтгэлээ илчлэхдээ хэрэглэдэг. Мөн түүний гоё өнгө нь эрх ямба болон сүр жавхлант байдлыг илтгэдэг.
Мөн сонирхуулахад та баглаа цэцгийнхээ тоо ширхэгийг зүгээр ч нэг сонгож үл болно. Тэд ч мөн адил өөр өөрийн гэсэн бэлгэдэлтэй юм.
- Нэг ширхэг: Чи миний цорын ганц хайр.
- Гурван ширхэг: Би чамд хайртай.
- Таван ширхэг: Чи надад таалагдаж байна.
- Долоон ширхэг : Нууцхан хайр
- Есөн ширхэг: Бат бөх хайр
- 11 ширхэг: Насан туршдаа хайрлая
- 13 ширхэг: Бат бөх нөхөрлөл
- 15 ширхэг: Уучлалт хүсэх
- 17 ширхэг: Үүрд чамтай хамт байх
- 19 ширхэг: Үүрдийн хайр
- 21 ширхэг: Чин сэтгэлийн хайр
- 51 ширхэг: Миний сэтгэлд ганц чи л байгаа
- 99 ширхэг: Энэ насны ганцхан хайр