
78 дахь Каннын кино наадмын шилдгээр Иран улсаас гаралтай найруулагч Жафар Панахигийн “It Was Just an Accident” нэртэй уран сайхны кино тодорч, “Дал модны алтан мөчир”-ийн эзэн болжээ.
Ираны эрх баригчид тус киноны найруулагч Жафар Панахиг уран бүтээл турвихыг нь хориглож, Ираны шоронд хоёр ч удаа хорьж байсан аж. “It Was Just an Accident” нь түүний 2023 онд шоронгоос суллагдсаныхаа дараа хийсэн уран бүтээл бөгөөд тус кинонд улс төрийн хэргээр хоригдож байсан таван иргэн тэднийг шоронд эрүүдэн шүүж байсан харгалзагчийг олж, түүнээс өшөөгөө авахаар зэхэж буй талаар өгүүлнэ.
Жафар Панахи бүтээлийнхээ талаар, “Анх шоронд ороход намайг ганцаарчилсан камерт хорьсон юм. Тэд миний нүдийг боогоод камераас гаргаж, нэг хананы урд суулгадаг байсан. Тэгээд миний ард сонсогдох хоолойн эзэн заримдаа 2 цаг, заримдаа бүр 8 цаг тасралтгүй намайг байцаадаг байсан. Би түүнийг хоолойг сонсонгоо түүнийг ямар хүн байх бол гэж төсөөлнө. Зөн совин минь надад нэг л өдөр тэр хоолой миний ирээдүйд бичих зохиол эсвэл уран бүтээлийн нэг хэсэг болно гэж хэлж байсан юм.” хэмээн ярьж байжээ.
“Дал модны алтан мөчир”-ийг гардан авсныхаа дараа Жафар Панахи гэр бүл, хамтран ажиллагсдадаа талархсанаа илэрхийлж, “Иранд болон дэлхийн өнцөг булан бүрд байгаа өөр өөр үзэл бодолтой бүх хүмүүст хандаж хэлэхэд, бүх асуудал, зөрчилдөөнөө хойш тавь. Хамгийн чухал зүйл бол бидний эх орон, эх орны маань эрх чөлөө юм.” хэмээн мэдэгджээ.
“It Was Just an Accident” уран сайхны кино нь Америкийн Neon студийн бүтээл юм. Тус студид бүтээсэн уран сайхны кинонууд Каннын кино наадмын шилдгээр 6 дахь жилээ дараалан тодорч байгаа ба өнгөрсөн жил “Дал модны алтан мөчир”-ийн эзэн болсон “Анора” уран сайхны кино нь Оскарын шагнал гардуулах ёслолын 5 төрөлд ялалт байгуулсан билээ.
78 дахь Каннын кино наадмын ерөнхий шүүгч Францын жүжигчин Жульет Бинош Жафар Панахигийн “It Was Just an Accident ” бусдаасаа онцгой байсныг дурджээ. Тэрээр, “Улс төрийн хувьд маш ээдрээтэй улсаас гаралтай учраас тэр үү түүний бүтээл маш хүнлэг байснаас гадна улс төрийн чухал асуудлуудыг хөндсөн байсан. Киноноос эсэргүүцэл, амьд гарах гэсэн тэмцэл мэдрэгдэж байсан.” гэжээ.
Эх сурвалж: https://www.theguardian.com/