
Өнгөрсөн лхагва гарагт Хойд Солонгосын Чонжин боомт хотод 5000 тонны даацтай байлдааны шинэ хөлөг онгоцны нээлтийн үйл ажиллагааны үеэр гарсан осолтой холбоотойгоор тус улсын эрх баригчид 3 хүнийг баривчилжээ.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун тус хөлөг онгоцны нээлтийн үйл ажиллагаанд оролцож байсан ба хөлөг онгоцыг усанд тавих явцад онгоц хөмөрч, хөлөг онгоцны доод хэсэг хэд хэдэн газраа цөмөрчээ.
Ким Жон Ун улсынх нь нэр хүндийг унагасан уг осол нь хайхрамжгүй байдлаас болж үйлдсэн гэмт хэрэг хэмээн тодорхойлж, буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэхээ амлажээ.
Уг осолтой холбоотойгоор Чонжин усан онгоцны үйлдвэрийн ахлах инженер Кан Жон Чол, хөлөг онгоцны их биеийг үйлдвэрлэх ажлын хэсгийн ахлагч Хан Кёнг Хак, захиргааны асуудал хариуцсан орлогч дарга Ким Ён Хак нарыг баривчилжээ.
KCNA агентлагийн мэдээлснээр дээрх 3 этгээдээс гадна хууль сахиулагчид Чонжин үйлдвэрийн менежер Хон Кил Хог мөн байцаасан аж.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун шинэ хөлөг онгоцыг 6-р сард болох намын их хурлаас өмнө зассан байхыг үүрэг болгожээ.
Хиймэл дагуулаас авсан зургаас эвдэрсэн хөлөг онгоц одоог хүртэл Чонжин боомтын зогсоол дээр хөх өнгийн брезентээр хучигдсан байдалтай байгааг харж болох аж.
Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин Пхеньяны байлдааны шинэ хөлөг онгоц нь өнгөрсөн сард нээлтээ хийсэн Чо Хён нэртэй 5000 тонны даацтай байлдааны хөлөг онгоцтой нь төстэй гэж үзэж байгаа аж.
Пхеньян Чо Хён хөлөг онгоцыг хамгийн хүчирхэг зэвсгээр тоноглогдсон хэмээн онцолж, дараа жил гэхэд тус онгоц ашиглалтад орно гэж мэдэгдэж байсан билээ. Сөүл хойд солонгосчууд ОХУ-д цэргүүдээ илгээснийхээ хариуд Чо Хён хөлөг онгоцыг ОХУ-ын дэмжлэгтэйгээр барьсан гэж таамаглаж байгаа аж.
Эх сурвалж: https://www.theguardian.com/