
Тренд болоод буй Лабубу хүүхэлдэйг үйлдвэрлэгч Pop Mart компани Лабубу Их Британи дахь 16 салбар дэлгүүрүүдээсээ Лабубу хүүхэлдэйг буцаан татжээ. Энэ нь Pop Mart дэлгүүрээр үйлчлүүлж буй иргэд Лабубу хүүхэлдэйнээс болж хэрүүл тэмцэл хийж, маргалдах болсонтой холбоотой аж.
Pop Mart компанийн зүгээс дэлгүүрийн ажилчид болон үйлчлүүлэгчдийн аюулгүй байдалтай холбоотой асуудал үүсэхээс сэргийлж, Их Британи дахь салбар дэлгүүрүүддээ Лабубу хүүхэлдэйг 6-р сар хүртэл борлуулахгүй хэмээн BBC агентлагт мэдэгджээ.
Анх БНСУ-ын Blackpink хамтлагийн гишүүн Лиса өөрийн нийгмийн сүлжээн дэх хуудсандаа болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн ярилцлагадаа Лабубу хүүхэлдэйд дуртайгаа илэрхийлснээс хойш тус зөөлөн тоглоом нь TikTok тренд болсон юм.
Их Британид Лабубу хүүхэлдэйн борлуулалтыг зогсоосон нь эрэлтийг нь улам нэмэгдүүлнэ хэмээн ажиглагчид үзэж байна.
Лабубу хүүхэлдэйн фенүүд ч Pop Mart компанийн шийдвэрт бухимдаж буйгаа цахим орчинд илэрхийлсээр байгаа аж.
Ер бусын мангасын төрхтэй Лабубу нь Хонгконгийн уран бүтээлч Касин Лунгийн бүтээл бөгөөд Pop Mart тоглоомын дэлгүүрүүдээр борлуулагддаг энэхүү хүүхэлдэй нь хувцас загвар, гоёл чимэглэлийн ертөнцөд тренд болоод байгаа билээ.
Их Британид уг хүүхэлдэй £13.50-£50 үнэтэй зарагддаг ба Vinted, eBay зэрэг цахим дэлгүүрүүдэд иргэд өөрсдийн Лабубуг хэдэн зуун фунт стерлингийн үнэд хүргэн зардаг аж.
Pop Mart компани Лабубу хүүхэлдэйг хүртээмжтэйгээр худалдаалах системийг бий болгохоор ажиллаж байгаа ба Лабубуг худалдан авахын тулд иргэд дэлгүүрийнх нь гадаа шөнө дөлөөр ирж дугаарлаж байгаа явдал нь дэлгүүрийнх нь зорилтод нийцэхгүй гэжээ.
Эх сурвалж: https://www.bbc.com/