
Хан Тэ Сүн төрсөн охин Кён Хаг хайж олон арван жилийг үджээ. 1975 оны 5-р сард түүнийг дэлгүүр ороод ирэх хооронд найзуудтайгаа тоглоно гэж үлдсэн 6 настай охин нь ор сураггүй алга болжээ.
Ээж охин хоёр 40 гаруй жилийн дараа ахин уулзах үед Кён Ха танигдахын аргагүй өөрчлөгдсөн байв. Кён Хаг гэрийнх нь ойролцоогоос нэгэн эмэгтэй хулгайлж, асрамжийн газар аваачиж, хууль бусаар АНУ руу үрчлүүлэхээр илгээсэн байв. Охины бичиг баримт дээр түүнийг эцэг эх нь тодорхойгүй, хаягдсан хүүхэд гэж бичсэн байжээ.
Хан Тэ Сүн БНСУ-ын засгийн газар охиныг нь хууль бусаар үрчлэгдсэн явдалд буруутай хэмээн засгийн газраа шүүхэд өгчээ.
Тэрээр сүүлийн жилүүдэд маргаан дагуулаад буй БНСУ-ын хүүхэд үрчлүүлэх хөтөлбөрийн үр дүнд луйвардуулсан, хууль бусаар үрчлэгдсэн, хулгайлагдаж, хүний наймаанд өртсөн олон зуун хохирогчдын нэг юм.
Дэлхийн аль ч улс Өмнөд Солонгос шиг олон тооны хүүхдийг гадаадын гэр бүлүүдэд үрчлүүлээгүй билээ. 1950-иад онд эхэлсэн БНСУ-ын хүүхэд үрчлүүлэх хөтөлбөрийн үр дүнд 170 000-200 000 хүүхэд гадаадын гэр бүлүүдэд үрчлэгджээ.
2022 онд БНСУ-ын засгийн газрын дэргэдэх бие даасан Үнэнийг тогтоох, Эвлэрүүлэх зөвлөл нь тус хөтөлбөрийг шалгаж эхэлсэн ба өнгөрсөн 3-р сард шалгалтынхаа дүнг танилцуулсан юм. Ингэхдээ засгийн газрын зүгээс ямар нэг зохицуулалт байгаагүй учраас БНСУ-ын хүүхэд үрчлүүлэх агентлагууд нь хүүхэд үрчилж авах гэсэн гэр бүлүүдээс их хэмжээний мөнгө авдаг байсан нь хүүхэд үрчлүүлэх үйл явц өөрөө ашгийн төлөө болж хувирсныг онцолжээ.
Хүүхдүүдийг ээжийнх нь зөвшөөрөлгүй үрчлүүлсэн тохиолдлууд маш олон байсан ба хүүхэд үрчилж авч буй гэр бүлүүдийг зохих ёсоор шалгадаггүй байжээ. Хүүхэд үрчлэхэд зуучилдаг агентлагууд хүүхдүүдийн бичиг баримт дээр эцэг эх нь хаясан, үрчлүүлэх гэж өгсөн мэт болгон худал бичиж, хүүхдүүдэд хуурамч гэрчилгээ гаргаж өгдөг байсан нь тогтоогджээ.
Гадаадын гэр бүлүүдэд үрчлэгдсэн тэдгээр хүүхдүүдийн төрсний гэрчилгээ нь хуурамч учраас тэдний дийлэнх нь одоог хүртэл төрсөн эцэг эхээ олж чадахгүй байсаар байгаа гэжээ. БНСУ-ын засгийн газрын зүгээс үүнд ямар ч хяналт тавиагүйгээс хүний эрхийг зөрчиж, хүүхэд үрчлүүлэх хувийн агентлагуудад хүүхдүүдийг бараа шиг экспортлох боломжийг олгосон болохыг тогтоожээ.
Хан Тэ Сүний шүүхийн нэхэмжлэл гадаадын гэр бүлд үрчлэгдсэн хүүхдийн төрсөн эцэг эхийн зүгээс засгийн газрыг шүүхэд өгсөн анхны тохиолдол болж байгаа аж.
71 настай Хан Тэ Сүн БНСУ-ын засгийн газраас хариуцлага нэхнэ гэдгээ онцолж, “Би 44 жилийн турш охиноо хайж бие сэтгэлээрээ хохирсон. Энэ хугацаанд надаас хэн нэгэн уучлалт гуйсан билүү? Хэн ч гуйгаагүй.” хэмээн мэдэгджээ.
Өнгөрсөн хэдэн 10 жилийн турш Хан Тэ Сүн нөхрийнхөө хамт цагдаагийн хэлтсүүд, асрамжийн газруудаар явж, зурагт хуудаснууд нааж, охиноо хайн зурагтаар ярилцлага хүртэл өгч байжээ. Тэрээр охиныхоо сургийг гаргахын тулд хоёр хөлийнхөө бүх хумсыг унатал явдаг байсан гэжээ.
1990 онд түүний зурагтад өгсөн ярилцлагын дараа Хан Тэ Сүн төрсөн охин нь байж болох нэгэн бүсгүйтэй танилцаж, гэртээ хэсэг амьдруулжээ. Гэтэл тэр бүсгүй түүний охин биш байсан нь удалгүй ил болсон аж.
2019 онд Хан Тэ Сүн БНСУ-аас гадны оронд үрчлэгдсэн хүмүүсийг ДНХ шинжилгээний тусламжтай төрсөн эцэг эхтэй нь холбодог 325 Kamra нэртэй сайтад бүртгүүлснээр түүний он удаан жилийн эрэл сурал дуусгавар болжээ.
Хан Тэ Сүний ДНХ АНУ-ын Калифорни мужид сувилагчаар ажилладаг Лори Бендер нэртэй эмэгтэйн ДНХ-тай таарч, Лори Бендер төрсөн ээжтэйгээ 44 жилийн дараа Сөүлд уулзжээ.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/articles/c0mr9ppn33po