
“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” гурав дахь удаагийн шоу тоглолтод оролцох уран гулгагчид “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд өнөөдөр газардсан юм. Тэд “Степп Арена” цогцолборт энэ сарын 24, 25-нд шилдгийн шилдэг үзүүлбэрээ толилуулна.
Дашрамд дурдахад хоёр жилийн өмнө ОХУ-ын уран гулгалтын одууд манай улсад ирж байсан. Тэгвэл энэ удаа бүрэлдэхүүнээ өөрчлөн Олимпын хошой мөнгө, дэлхийн хошой аварга, Европын хошой аварга Евгения Медведева, Олимпын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга, Европын гурван удаагийн аварга Алексей Ягудин, дэлхийн аварга, Европын аварга, Бүх Оросын аварга Елизавета Туктамышева, Олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, европын аварга Виктория Синицина, Никита Кацалапов, Олимпын мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт Александр Энберт нарын тив, дэлхийд алдартнууд болон Монгол Улсаа төлөөлөн “Харбин-2025” Азийн өвлийн спортын наадамд оролцсон О.Мишээл өөрийн шилдэг үзүүлбэрээ толилуулах аж.
Олимпын хошой мөнгө, дэлхийн хошой аварга, Европын хошой аварга уран гулгагч Евгения Медведева:
Бидний хувьд яг энэ бүрэлдэхүүнээрээ анх удаа ирж байгаа бөгөөд тамирчдын хувьд дэлхийн хэмжээнд үзүүлж байсан үзүүлбэрүүдээ толилуулах бөгөөд монголчууддаа зориулсан гэнэтийн бэлгүүд дүүрэн бий. Энэ удаад бид 3 удаагийн шоу тоглолтоо тавиад буцна. Харин дараагийн удаа мастер класс оруулах боломжтой.
Олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, европын аварга уран гулгагч Виктория Синицина:
Никита Кацалапов бид хоёрын хувьд монгол улсад 2 дахь удаагаа ирж байна. Тухайн үед монголчууд биднийг маш халуун дотноор угтаж авч байснаас гадна уран гулгалтаа хийх мөсний тухайд хангалттай сайн байсан. Харин энэ удаад өмнөхөөсөө илүү олон хүн ирж үзээсэй гэж хүсэж байна.
Тоглолтын зохион байгуулалтын талаар “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоуны Ерөнхий продюсер Н.Эрдэнэ:
Тоглолтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Бид монгол улсынхаа нэрийг уран гулгалт хэмээх өвлийн спортын төрлөөр дамжуулан дэлхийд таниулах хүсэлтэй байгаа учир олимп, тив, дэлхийн аваргуудыг урьж авчирсан. Энэхүү уран гулгалтын спорт бол монголчуудын хувьд мэдэхгүй хэр нь мэддэг спортын төрөл. Биднийг жоохон байхад оросын Орбита гээд ганцхан суваг гардаг байхад уран гулгалтын гардаг байсныг хүсэн хүлээж үзээгүй хүн ховор биз ээ. Мөн бидний хувьд монголын урлаг соёлын алдартнуудтай хамтран спортын шоу гэхээсээ илүү энтертайнмент шоу үзүүлэхийг зорьж байгаа юм.
Мөн тус тамирчдыг ирэхэд монголын уран гулгалтын бяцхан тамирчид цэцэгтэй угтаж авсан юм. Тэдний хувьд энэхүү тоглолтыг тэсэн ядан хүлээж байгаагаас гадна монгол улсад уран гулгалтын спортыг илүү олон хүн мэдэж аваасай хэмээн хүсдэгээ илэрхийлсэн.
Харин та “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” гурав дахь удаагийн шоу тоглолтын тасалбарыг Ticket.mn сайтаар худалдан авах боломжтой.